Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан Эрүүгийн шударга ёсны асуудлаарх Төв Азийн улс орнуудын эрүүгийн эрх зүйн мэргэжилтнүүдийн найм дахь удаагийн уулзалтад 2021 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд оролцлоо.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албатай хамтран зохион байгуулсан дээрх уулзалт нь хүний эрх, шударга ёсыг хамгаалах чиглэлээр эрүүгийн эрх зүйн салбарт хийгдэж буй шинэчлэл, тулгарч буй хүндрэл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар харилцан туршлага, мэдээлэл солилцох зорилготой юм.
Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн уулзалтын эхний өдөр “Ковид-19 цар тахлын үед шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд болсон салбар хэлэлцүүлэгт цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах талаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох мэдээллийг өгсөн байна.
Мөн уулзалтын хоёр дахь өдөр болсон шударга шүүхийн талаарх салбар хэлэлцүүлэгт Монгол Улс дахь эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэл болон шинэчлэн найруулсан Шүүхийн тухай хууль, түүний хэрэгжилтийн талаар илтгэлийг хэлэлцүүлж, асуултад хариулт өгч оролцов. Тэрбээр уулзалтад оролцох үеэрээ Ташкент хотын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зочилж, цар тахлын үед цахим шүүхийг хэрхэн хөгжүүлж байгаатай биечлэн танилцжээ.
Сэтгэгдэл ( 0 )