Алтан үеийн хөнгөн хөгжмийг жазз урсгалд оруулсан “Ганган Дагшаа” тоглолт болно

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 30

Монголчуудыг анхлан дагшаа буюу жазз хөгжимтэй танилцуулж, үлээвэр болон цахилгаан хөгжмийн хоршлоор байлдан дагуулж эхэлсэн тэр мөчөөс ард түмний чихэнд “Баян Монгол” хэмээх нэр хоногшин алдар нэрээ цуурайтуулжээ.

Чухам тэр үеэс л хөнгөн хөгжим, эстрадын урлаг тайзнаа хүч түрэн орж ирж Монголын залуус огцом түргэн хэмнэлтэй шинэ цагийн хөгжмийн урсгалаар амьсгалж эхэлсэн нь өнөөгийн “Баян Монгол” чуулга оршин тогтнох бат суурь болжээ.

Улсын Филармонийн хэрэгжүүлж буй “Эрхт Монгол” төслийн хүрээнд Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын “Ганган Дагшаа” концерт арванхоёрдугаар сарын 3,4-нд 19:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд болох гэж байна.

Эстрадын урлагийн алтан үеийн хөнгөн хөгжмийн бүтээлүүдийг орчин цагийн жазз стандартад нийцүүлэн, шинэчлэн найруулж Монгол хөгжим жазз урсгалтай хэрхэн уусан нэгдэхийг энэхүү тоглолтоор үзүүлэх аж.

Тоглолтын тасалбарыг Улсын Филармонийн кассаар болон TICKET.MN хаягаар худалдаалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top