"Монголын урлагийн ажилтны холбоо" ТББ-аас Ардын жүжигчин Э.Оюуны нэрэмжит шагналыг Соёлын тэргүүний ажилтан О.Норолхоо, Монгол Улсын Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар нарт олголоо.
Шагналыг "Монголын урлагийн ажилтны холбоо"-ны тэргүүн, Гавьяат жүжигчин Б.Тунгалаг 2021 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Улсын Драмын Эрдмийн театр /УДЭТ/-ын тайзнаа гардуулсан юм.
Олны дунд "Буратино" хэмээх тодотголтой Соёлын тэргүүний ажилтан О.Норолхоо нь “Буратиногийн адал явдал буюу Алтантүлхүүр” жүжгийн Буратиногийн дүрд анх 32 настайдаа тоглож, 60 дөхсөн үедээ мөн л тус дүрээ бүтээж байв. Харин түүний театрын тайзнаа бүтээсэн анхны дүр нь “Гарын таван хуруу” жүжгийн бага хүү Идэр байжээ. Тэрбээр арван настай хүүгийн дүрийг 18 настайдаа тийнхүү амжилттай бүтээсэн байна. Түүнээс хойш О.Норолхоо 60 гартлаа 40 гаруй жил хүүхдийн жүжигт тоглосон байна.
Дашрамд өгүүлэхэд Ардын жүжигчин Э.Оюун нь 1975 онд "Монголын урлагийн ажилтны холбоо"-г үүсгэн байгуулжээ. Тус холбооны тэргүүн дээд шагнал болох Э.Оюуны нэрэмжит шагналыг өдгөө 80 орчим хүнд олгожээ.
Э.Оюун нь 1936 оноос Улсын төв театрт найруулагч, зохиолч, орчуулагч, 1960-62 онд Монгол кино үйлдвэрт уран сайхны удирдагч, 1963-75 онд Улсын Драмын эрдмийн театрт уран сайхны удирдагчаар ажилласан. Тэрээр дэлхийн болон Оросын сонгодог 53 жүжиг орчуулж, 21 жүжиг бичиж орос хэл рүү хөрвүүлэн, 27 жүжиг найруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )