“Хуур магнайн эгшиг” уртын дууны ном гарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

-Энэхүү ном нь 300 уртын дууны эгшиглээс буюу нот хийгдсэнээрээ Монголдоо анхдагч болж байгаа юм-


Соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин Ц.Туяацэцэг “Хуур магнайн эгшиг” номын нээлтээ энэ сарын 25-нд хийж шинэхэн номын баринтаг задаллаа. Тус номонд 100 гаруй дуучдын дуулсан 300 гаруй уртын дууг эгшиглээс хийж буюу нотлон эмхэтгэжээ. Урьд өмнө нь уртын дууны хэд хэдэн бүтээл гаргаж байсан тэрбээр улам баяжуулан төгөлдөржүүлж ийнхүү анхдагч гэж болохоор томоохон бүтээл хэвлүүлсэн нь энэ. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай Ц.Туяацэцэгийн номын өмнөтгөлд “Уртын дууг эгшиглээс хийж бичигт оруулна гэдэг тийм амар ажил биш. Хөгжмийн онолын яггүй боловсрол, хичээнгүй тэвчээр, хамгийн чухал нь маш сайн сонсголын чадвар шаарддаг нарийн ажил” гэж бичсэн нь ямархан их хөдөлмөр, зүтгэл гаргасан ном болохыг илтгэнэ. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд “”Ирээдүйд уртын дууны аялгууны бүрэн шинжлэл хийхэд энэхүү бүтээл оюутан, сурагчид хөгжим судлаачдад гарын авлага болох нь дамжиггүй. Учир нь уртын дууны тухайлбарыг тодорхойлсноор хаялгыг хаана хэрхэн яаж хэрэглэдгийг танин мэдэх боломж бий болно” гэжээ.

Өмнө нь алдарт уртын дуучин Ж.Дорждагва “Уртын дуу”, Н.Норовбанзад “Талын морьтны дуу”, Ш.Чимэдцэеэ “Жаахан шарга” зэрэг уртын дууны ном гаргаж байжээ. Сүүлийн хоёр жил цар тахал дэгдэж хэн хүнгүй уймарч суухад Ц.Туяацэцэг ийнхүү уртын дууны номоо туурвин уйдах ч завгүй хөдөлмөрлөж суужээ. Аливаа бүтээл хийхэд судалгаа хамгийн чухал. Тэвчээртэй, уйгагүй, хөдөлмөрч хүн л 300 дууг нэг бүрчлэн судалж, амьсгаа, аялгуу, эгшиглээс, дуудлага, аялга, цохилго бүхнийг ийнхүү ялган тэмдэглэж чадах биз ээ. Өвөг дээдсээс өв уламжлан ирсэн соёлын биет бус өвийг өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад “Хуур магнайн эгшиг” ном маш чухал үүрэгтэй бүтээл болжээ. Дээрх номонд Өвөрмонгол, Буриад зэрэг монгол туургатны уртын дуу багтсанаараа өргөн цар хүрээтэй бүтээл болсон байна. Уртын дууны охь манлай болсон “Дуртмал сайхан”, “Өвгөн шувуу”, “Уяхан замбуутивийн наран”, “Хэрлэнгийн баръяа”, “Сэрүүн сайхан хангай”-аас эхлээд их айзмын, дунд айзмын, бэсрэг болон суман, уртавтар богино дууг бүрэн хамруулсан. Энэхүү ном нь мэргэжлийн хүмүүсийн зүгээс монгол уртын дууны эгшиглээс буюу нотны дунд гарын нэвтэрхий толь болохуйц бүтээл болжээ хэмээн үнэлэгдсэн байна. Монголчуудын ахуй байдал, нутаг орны онцлог, тэнгэр шүтлэг нь уртын дууны хэм хэмжээг баригддаггүй чөлөөт урсгалтай болгосонд уран сайхны гол шинж ордог. Ийм чөлөөт урсгалд үе үеийн дуучид өөрийнхөө орон зайг дүүргэж, дуу хоолойныхоо цараа, цохилго, нугалаа, донж, шуранхайг оруулж баяжуулдаг байна.

Энэхүү нөр их хөдөлмөр бүтээл шингэсэн номын нээлтэнд урлаг соёлын сор болсон алдартнууд хуран чуулжээ. Ардын жүжигчин Д.Түвшинжаргал, А.Долгор, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд, МУУГЗ Д.Баттөмөр нар болон судлаач МУУГЗ Л.Эрдэнэчимэг, дуучин МУГЖ Б.Мөнхбаатар, үйлчилгээний гавьяат ажилтан, сэтгүүлч С.Пүрэвсүрэн, нар ирж баяр хүргэж, ая дуугаа өргөв. Мөн төрөлх нутаг Дундговь аймгийн Өлзийт сумын удирдлага Б.Гасрандорж ирж хүндэтгэл үзүүллээ. Ц.Туяацэцэг бол удам дамжсан дуучны үр сад. Ардын жүжигчин дуучин А.Дашпэлжээ, А.Нэргүй, МУГЖ Ж.Дүнжмаа, А.Дашжид, Ц.Чулуунцэцэг нартай ахан дүүс билээ. Талын Цэрэнгийнхээс их урлагт хөл тавьсан гурван охид болох Ц.Чулуунцэцэг, Ц.Отгонцэцэг, Ц.Туяацэцэг нар бол сайн дуучид төдийгүй оюунлаг хүмүүс. Тэднийг Талын гурван Цэцэг гэдгээр нь ард түмэн андахгүй. Том эгч Ц.Чулуунцэцэг нь уртын дууны чиглэлээр судалгааны ажил хийж урлаг судлалын ухааны доктор, дэд профессор хамгаалсны зэрэгцээ СУИС-д тэнхимийн эрхлэгчийн алба хашин багшилж байгаа сурган хүмүүжүүлэгч билээ. Тэгвэл удаах эгч Ц.Отгонцэцэг СУИС-д багшилж, чуулгын уран сайхны удирдаач зэрэг хэд хэдэн ажлыг хослуулж яваа нэгэн. “Хуур магнайн эгшиг” номыг бүтээгч Ц.Туяацэцэг нь Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучнаар ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top