Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр /2021.12.01/ хуралджээ. Хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна.
Тухайлбал, шүлхийтэй холбоотойгоор өвчлөл бүртгэгдсэн даруйд аймаг, сумдын Онцгой комисс, Шуурхай штаб, МЭГ-аас хариу арга хэмжээ авч ажиллан голомтын болон сэжигтэй бүсэд ариутгал халдваргүйтгэлийг хийж, хяналтын постуудыг гарган, масс вакцинжуулалтыг арваннэгдүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн эрчимтэй зохион байгуулсан. Үүний үр дүнд аймгийн хэмжээнд нийт 315.000 толгой малыг вакцинжуулахаас өнөөдрийн байдлаар 302.047 толгой мал буюу нийт малын 97 хувийг вакцинжуулаад байна.
Малд вакцинд хийснээс хойш 21 хоногийн дотор хэрэгцээлэхийг зөвшөөрдөггүй. Харин зарим малчид дээрх хугацаа болоогүй байхад малаа махлах, хорио цээрийн дэглэм зөрчиж голомтын бүсээс мал, мах гаргахыг завдах, идэшний малаа вакцинжуулахгүйгээр нууж авч үлдэх зэрэг зөрчил гаргаж байна.
Иймд 2021 оны арванхоёрдугаар сарын 18 хүртэл 14 хоногийн хугацаанд голомтын бүсэд тогтоосон хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж, хяналтын постуудыг сунган ажиллуулахаар шийдвэрлэлээ. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөр Хонгор, Орхон суманд нийт 54 өрхийн 898 толгой мал өвчилж голомтын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоосон ба өвчтэй малд шинж тэмдгийн эмчилгээ хийгээд байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )