Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр /2021.12.01/ хуралджээ. Хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, халдвартай холбоотойгоор аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар эмчлэн тусгаарлах 8 байранд нийт 369 хүн хэвтэн эмчлүүлж байна. Маш хүнд дөрөв, хүнд дөрвөн хүн байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад халдварын тохиолдол 27.8 хувиар буурсан. Сүүлийн 10 хоногт нас баралт бүртгэгдээгүй. 590 орноос 266 ор сул байгаа аж.
Иймд эмчлэн тусгаарлах /хувийн хэвшлийн/ Цанид, Буянтай эмнэлгүүдийг ковидын тусламж үйлчилгээнээс татан буулгаж хэвийн үйл ажиллагаанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Халдвар буурсантай холбоотой мөн сайн дурын шинжилгээний цэгт очиж шинжлүүлэх иргэдийн тоо буурсан байна. 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хоёр шинжилгээний цэгт нийт 147 хүн түргэвчилсэн шинжилгээ өгсөн. Энэ нь өмнөх 10 дугаар сараас 53 хувиар буурсан үзүүлэлт юм. Иймд өнөөдрөөс /2021.12.01/ эхлэн Шинэ Дарханы Альфа тауны арын сүмд ажиллаж байсан шинжилгээний цэгийг буулгахаар шийдвэрлэлээ. Харин хуучин Дарханы ХХҮГ-ын хажууд байрлах сүмд байрлаж буй шинжилгээний цэг өдөр бүр 09:18 цагийн хооронд ажиллах хэвээр байна.
Хэдийгээр халдварын тохиолдол буурсан ч хүүхдийн өвчлөл 3.4 хувиар өссөн байна. Иймд 12-оос доош насны хүүхдүүд ковидын эсрэг вакцинд хамрагдаагүй байгаа, Африкиас гаралтай “Омикрон” хувилбар дэлхийн хэд хэдэн улсад бүртгэгдсэн зэрэг эрсдэл хэвээр байгаа тул 3 ДУГААР ТУН-даа хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагууд, эрдэмтэд зөвлөж байгаа юм. Аймгийн хэмжээнд вакцинд хамрагдвал зохих 75000 гаруй иргэн байгаагаас 20700 гаруй нь буюу 28 орчим хувь нь 3 дугаар тунд хамрагдаад байгаа талаар мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )