Монголын Хятад руу нүүрсээ гаргах боломжийг цар тахал дахин тасалдуулав

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 03

Ройтерс дээр нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Хятадын хойд бүс нутагт өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо  өсөж байгаатай холбоотойгоор КОВИД-19-ийн кластерын эрсдлийг бууруулахын тулд  тус улсын хэд хэдэн томоохон хот  төмөр замаар импортлож буй бараа бүтээгдэхүүн тэр тусмаа нүүрс, төмрийн болон  зэсийн хүдэр, цайр зэрэг түүхий эдийг задгайгаар буюу  чингэлэгээр тээвэрлээгүй тохиолдолд хилээрээ нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны хойд хэсэгт орших  ОХУ-ын хилийн  ойролцоох жижиг хот болох  Манжуур лхагва гарагаас эхлэн нүүрс, бордоо зэрэг гараар ачиж буулгах шаардлагатай түүхий эдийг төмөр замаар авахгүй гэдгээ мэдэгдсэн. Өвөрмонголд даваа гарагт нийт 41 шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан уг арга хэмжээг авчээ. Халдварын  талаас илүү хувь нь Манжуурт бүртгэгдсэн байна. Манжуурт бүртгэгдсэн  халдвараас авсан дээжийн генийн дарааллыг судалж үзэхэд гаднаас зөөвөрлөгдөж ирсэн нь тогтоогдсон аж.

Манжуураас гадна Өвөрмонголын Монголтой хиллэдэг дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа  болох Эрээнхот төмөр замаараа чингэлэггүй бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй гэдгээ мөн мэдэгдээд байна.

Түүнчлэн ОХУ-тай хиллэдэг Хэйлунцзян мужийн Суйфэнхэ хот  нүүрс, бордоо зэрэг чингэлэггүй бараа бүтээгдэхүүний импортоо зогсоосон. Хэйлунцзянд өнгөрсөн ням гарагт шинж тэмдэггүй  халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Дээр дурдсан гурван хот хилийн хязгаарлалтаа хэзээ цуцлах нь тодорхойгүй байгаа юм.

2019 оны сүүлээр буюу вирус анх илэрсэн үеэс эхлэн Хятадын эрх баригчид хил орчмын бүс нутгуудад  хяналтаа эрчимжүүлнэ гэж амлаж, импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнээр дамжин вирус зөөвөрлөгдөн ирэхээс  сэргийлэх арга хэмжээг хатуу хэрэгжүүлэхийг шаардаж байсан юм. ОХУ-тай хиллэдэг Хуйчун болон  Дуннин хот арваннэгдүгээр сарын дундуур дарс, сүү, шоколад зэрэг чухал бус бараа, бүтээгдэхүүний  импортыг зогсоосон.

Эрээнхот төмөр замаараа чингэлэггүй бараа, бүтээгдэхүүн, түүхий эд авахгүй болсноор БНХАУ-ын  Монголоос авах нүүрсний импорт тасалдахаар байгаа юм. Үүнээс үүдэж коксжих нүүрс болон коксны Хятадын фьючерсүүд лхагва гарагт тус бүр нь таван хувиар өсчээ.

“Galaxy Futures”-ийн шинжээчид "Монголоос авах эрчим хүчний нүүрсний хэмжээ буурахаар байгаа учир трейдерүүд үнээ нэмээд эхэлсэн. Тиймээс  цаашид ч нүүрсний үнэ өсөхөөр байна” гэжээ.

Улмаар Даляны бирж дээрх тавдугаар сард нийлүүлэгдэх металлургийн нүүрсний фьючерс 5.3 хувиар нэмэгдэж, өчигдөр өглөөний арилжаагаар нэг тонн 1692 юаньд хүрчээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top