Тэг цэгт чингэлэг ачиж буулгах туршилтыг өнөөдөр хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 03

Замын-Үүд, Эрээний тэг цэгийг ашиглалтад оруулах бэлтгэл ажил хийгдэж байна. Өнөөдөр тэг цэгт хоёр кальмар оруулж ирэх аж. Үүний дараа чингэлгээ хэрхэн байрлуулах, кальмараар ачиж буулгах туршилт хийхээр төлөвлөжээ.

Хятадын хэвлэлээр гарч буй мэдээллээр бол Хөх хотоос мэргэжлийн хүмүүс ирж, Эрээн хотод халдвар хамгааллын дэглэм хэрхэн сахиулж байгаад хяналт тавих аж. Үүний дараа хил нээх асуудлыг тодорхой болгох юм байна.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, тээврийн хөлс хэт өсөх үед тээвэр хийх дээд үнийг нэг талдаа 10 сая төгрөгөөр тогтоож байсан бол энэ удаа ачаатай чингэлгийг хилийн “0” цэгээс Улаанбаатар хүргээд, хоосон чингэлгийг Замын-Үүд хүртэл буцаах нийт тээврийн үнийг НӨАТ оруулаад, 8.8 сая төгрөгөөр тогтоогоод байна.

Чингэлэгийн ачааг хүлээн авах, бүрдүүлэлт хийх, шилжүүлэн ачих ажиллагааг Замын-Үүд дэх гаалийн хяналтын талбайн эрхтэй Э-Транс, Дардан, МЧ-1, Бүс нутгийн логистикийн төвийн терминалд зохион байгуулах юм.

Тодруулбал, өдөрт 50 чингэлэг ачааг Эрээний хилээр гаргана. Тухайн чингэлгийг хоёр хоногийн дотор суллах ёстой гэдэг шаардлагыг Хятадын тал тавьж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top