МҮБХ: Гэнэтийн байдлаар 50 бөхөөс ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ авна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ) заал, танхимын барилдааны үеэр 50 орчим бөхөөс допингийн шинжилгээ авахаар болжээ. Энэ тухай мэдэгдлийг хүргэе.

БӨХИЙН ДЭВЖЭЭДИЙН ТЭРГҮҮН, УДИРДЛАГУУДАД

Допингийн шинжилгээний төлбөрийн тухай

МҮБХ нь үндэсний бөхийн уламжлал, дэг жаягийг зөв зохистойгоор хойч үедээ уламжлуулан үлдээх, цэвэр шударга өрсөлдөөнийг эрхэмлэх зорилт тавин ажиллаж байна.

МҮБХ-ны 2021 оны зургаадугаар сард шинэчлэн баталсан бөхийн барилдааны дүрмийн 7.3 дахь “... Допингийн шинжилгээг авах болон хөндлөнгийн хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улс, аймаг, сумын цолтой 50 орчим бөхөөс заал, танхимын барилдаан болон бэлтгэл сургуулилалтын үеэр явцын шинжилгээг авах бөгөөд дэвжээд тус бүр 2-оос доошгүй бөхийн шинжилгээний зардлыг (Нэг шинжилгээ -1.8 сая төгрөг) МҮБХ-ны допингийн эсрэг сангийн Төрийн банкны 240108298407 тоот дансанд 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны дотор шилжүүлнэ үү. 

Төлбөр шилжүүлээгүй тохиолдолд тухайн дэвжээнд харьяалагддаг улс, аймгийн цолтой бөхийг "Монгол бөхийн өргөө"-нд зохиогддог барилдаанд оролцуулах боломжгүй болно.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top