Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Их хурлын индэр дээрээс “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын сайдууд сэтгүүлчдэд мэдээлэл хийж байгаа юм.
Энэ хүрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Өнөөдрийн байдлаар цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэлээсээ давчихсан явж байна. Энэ нь цаашид өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах боломжгүй. Тийм учраас цаашид эдийн засгийг сэргээхийн тулд дулаан цахилгааны эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, шинэ эх үүсвэрийг яаралтай барьж байгуулах шаардлага бий. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдийн засгийг сэргээх төлөвлөгөөнд бид нар 16 эх үүсвэрийг барьж, ашиглалтад оруулахаар тусгасан. Гурван чиглэлээр эдгээрийг барьж байгуулна.
Эхнийх нь одоо байгаа дулаан цахилгааныхаа эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх, хоёрт хатуу түлшээр ажилладаг эх үүсвэрүүдийг шинээр барих, гуравт дэлхий нийтийн жишигт нийцсэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг барина. Ховд гол дээр баригдаж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун таван аймгийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болно. Мөн Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн 450МВт-ын хүчин чадалтай Тавантолгой дулааны цахилгаан станцыг барьж байгуулснаар Оюутолгойн ордыг энэ эх үүсвэрээс бүрэн хангах боломжтой болно. Ингэснээр Оюутолгой компанийн жилд дундажаар 110-120 сая ам.доллароор гаднаас эрчим хүч авч байгааг зогсооно” хэмээн мэдэгдлээ.
Мөн Тавантолгой дулааны цахилгаан станцыг барьж байгуулснаар төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах боломжтой болох ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Эрдэнэбүрэний УЦС барих Шижигтийн хавцал бол жинхэнэ захиалсан юм шиг газар даа.Тооцооллоо сайн хийж үр ашигтай ажид болгомоор байна.Дөргөний УЦС шиг юм битгий хийчихээрэй.Хөгшин Дэмбэрэл попорч Ховдод Дөргөний УЦС -аас гадна Мөнххайрханы,Үенчийн,Манханы гэсэн 2-3 сум хангах хүчин чадалтай гэсэн УЦС-ууд барьсан бүгд ашиггүй төсөв дэмий идэж мөнгө угаасан ажил болоод өнгөрсөн.Хариуцлага тооцсон хэн ч байхгүй.