ТЦА-ынхан БГД-ийн удирдлагуудтай хамтран сургууль орчмыг камержуулав

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

БГД-ийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Сэмжидмаатай хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар ярилцлаа.


-Баянгол дүүрэг сургууль орчмын бүс дэх авто замын гарц орчимд автомашины улсын дугаар илрүүлэгчтэй камер байршуулж, энэ нь үр өгөөжтэй ажил болж байна гэж дууллаа. Зайлшгүй шаардлага, нөхцөл нь юу байв?

-Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ЕБС орчимд авто замын явган зорчигчийн гарц байрласан нэлээд олон цэг бий. Тэдгээрийн судалгааг авч үзэхэд зам, тээврийн осол, гэмтэлд өртөж эрүүл мэндээрээ хохирсон хүүхдийн тоо цөөнгүй байсан. Гарцаар гарч буй хүүхдийг мөргөсөн жолооч нар зугтах, эмнэлгийн тусламж дуудахгүйгээр орхиж явах, хүүхдийг машиндаа суулган явж хэргийн газраас холдуулах, эрүүл мэнд, эдийн засгийн хохирлыг барагдуулахгүй байх зэрэг асуудал гардаг.

Өнгөрсөн тавдугаар сард “Аюулгүй гарц” аяны хүрээнд дүүргийн хэмжээнд авто машины улсын дугаар илрүүлэгчтэй хяналтын камер зайлшгүй байршуулах шаардлагатай 11 сургуулийн судалгааг гаргаж, эхний ээлжид 13, 40, 46, 141 сургуультай зэргэлдээх явган хүний гарц орчимд хяналтын камераа суурилуулсан.

-Тус камерийг тавьснаар ямар үр дүн гарч байгаа бол?

-Өнгөрсөн хугацаанд Коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдлаас шалтгаалж хөл хориотой байх, ЕБС-иуд цахим, танхимаар ээлжлэн хичээллэх зэргээс үүдэн урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад сургууль орчмын бүс дэх авто машины хөдөлгөөн тодорхой хэмжээгээр буурсан. Одоогийн байдлаар эзэнгүй зам тээврийн осол 4, хулгайн хэрэг 1 илэрсэн бол зам тээврийн ослын улмаас хүүхдийн амь нас хохироогүй. Хүүхэд гэмтэж бэртэх тохиолдол өмнөх оны мөн үеэс 38,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн жолооч нар гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөөгүй зөрчлийг илрүүлж, зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, сургууль орчимд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн тоо буурах хандлага ажиглагдаж байна. Дүүргийн ГХУСАЗСЗ хэрэг, зөрчил үйлдэгдсэний дараа бус, урьдчилан сэргийлэх чиглэлд бодлого баримтлан ажиллана. Энэ ярилцлагаараа дамжуулан жолооч нартаа хандаж Тээврийн цагдаагийн албанаас зөвлөдөг гурван зүйлийг сануулахыг хүсч байна.

Үүнд: Жолооч та сургууль орчмын бүст зорчихдоо

  • Гүйцэж түрүүлэхгүй байх
  • 20 км цагийн хурдтай явах
  • Түр буюу удаан хугацаагаар зогсох хориотойг анхаараарай. Энэхүү энгийн агаад хүн бүр мэддэг дүрмийг баримтлаагүйн улмаас сургууль орчмын бүсэд зам, тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болдог гэж үздэг.

-Бусад дүүргүүдэд ийм хяналтын систем байдаг уу? Баянгол дүүрэг анх удаа санаачлан ажиллав уу?

-Хяналтын камерууд хаа сайгүй л байдаг гэж хүмүүс боддог байх. Гэхдээ автомашины улсын дугаар илрүүлдэг энэ системийг бид дүүргийн нутаг дэвсгэрээсээ эхлүүлсэн. Хойшид нийслэлийн бусад дүүрэг, хөдөө орон нутагт ч жишиг болон үргэлжлээсэй гэж хүсэж байна. Энэ бол томчууд бидний нүд, чих хүрч амжихгүй тэр талбарт хүүхэд хамгааллыг тогтолцоог бэхжүүлэх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэгт өндөр ач холбогдолтой. Тиймээс бид хавар эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж, БГД-ийн Ерөнхий боловсролын 19, 20, 22,  38, 73, 78, 113-р сургуулиудын дэргэдэх явган хүний гарцад мөн тус камерыг байршуулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top