ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын мэндэлсний 125 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар дахь Русский домд болж байна.
ЗХУ-ын цэрэг, улс төрийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуков нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дорнод хязгаар нутагт өрнөсөн Японы түрэмгийлэгчдийн эсрэг Халхын голын байлдаанд Зөвлөлт-Монголын хамтарсан Армийн I бүлгийг командлан ялалт байгуулсан юм. Манай улсын тусгаар тогтнол, газар шорооны бүрэн бүтэн байдлын төлөө байгуулсан гавьяаг нь өнө мөнхөд бахархан, залуу хойч үедээ таниулан сурталчилж, гүнээ хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ Улаанбаатар дахь Русский дом буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болж байна.
Уг арга хэмжээнд БХЯ-ны удирдлага, газрын дарга нар, БХЯ-ын харьяа байгууллагууд, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цэргийн аттеше, хэвлэлийн атташе, Бүгд Найрамдах Беларус Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Беларус Улсын Өргөмжит Консул, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын I нарийн бичгийн дарга, Соёлын яамны дэд сайд, ЕБС-ийн багш сурагчид /Орос хэлний төвийн/, музейн ажилтан алба хаагчид, “Монгол Хурандаа” нийгэмлэг, ахмад дайчдын төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцоно.
Өнөөдрөөс эхлэн ОШУСТ-ийн зочид ЗХУ-ын маршал Г.К.Жуковтой холбоотой гэрэл зургийн үзэсгэлэн, "Г.К.Жуков сонины хуудаснаа....", "ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хувийн хэргийн баримт материалаас...." сэдэвт архивын хосгүй эх баримтаар дэглэгдсэн үзэсгэлэнг хүрэлцэн ирж үзэхийн сацуу "ЗХУ-ын маршал Г.К.Жуковт зориулсан хөшөө дурсгалууд"-тай бас танилцаад гарах боломжтой болно.
ОШУСТ-д болох тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслол “Зовох цагт нөхрийн чанар танигдана” хүүхдийн үлгэрийн номын танилцуулгаар үргэлжилж, маршал Г.К.Жуковын тухай ”Агуу Азийн ард түмний эсрэг түрэмгийлэгч аричууд” баримтат киногоор өндөрлөх юм.
Сэтгэгдэл ( 0 )