МҮОНРТ-ийн дэлгэцийн ээлжит бүтээл болох “Хамгийн азтай үе” олон ангит уран сайхны киноны Азтайзаяа гэх гол дүрийг бүтээж, олны хайр хүндэтгэлийг татсан залуу жүжигчин Б.Ану-Үжинтэй ярилцлаа.
Тэрбээр Испани улсын Барселона хотод жүжигчний мэргэжлээр суралцаж, төгсжээ.
-Сайн байцгаана уу. Намайг Б.Ану-Үжин гэдэг. Саяхан Испанийн Барселон хотын Театрын урлагийн коллежийг жүжигчин мэргэжлээр төгссон. Одоогоор Монголдоо амьдарч байна. Би Барселонд жүжигчин мэргэжлээр ажиллаж, агентлагт харьяалагддаг. Бас фото моделийн хувьд тодорхой агентлагтай хамтарч ажилладаг. Тийм болохоор Монголдоо суурьшиж, удаан байх боломж тааруу байна. Ирж, очин байх болов уу.
-Гадаадад сурахаар ганцаарддаг гэдэг. Таны хувьд хэр байсан бэ. Хэцүү үе тохиолдож байв уу?
-Ээж маань Испанид амьдардаг. Тийм болохоор гадаадад сурдаг бусад хүүхдүүдийг бодоход хүндрэл бага байсан. Гэхдээ гэнэт найзуудаасаа салаад явах үе, шинэ орчин, шинэ хэл гээд бүх зүйл өөр байсан болохоор хэцүү өдрүүд байсан.
Испанид театрын урлагийн сургуульд сурч байх үед шантрах үе байсан. Гэхдээ шантрах нь зөв гэж бодсон. Үүнийхээ ачаар эргээд босохдоо маш хүчтэйгээр босож ирсэн. Эрч хүчтэйгээр сургуулиа төгссөн.
-Жүжигчин болох хэцүү л гэдэг. Энэ мэргэжлийн юу нь сайхан байдаг вэ?
-Киноны хувцас зөөхөөс эхлээд найруулагч хүртэлх бүх хүмүүстэй танилцаж, ярилцах нь надад маш их таалагддаг. Тийм болохоор олон ангит кинонд тоглох сонирхолтой байсан.
Хамгийн анх коллеж руугаа явахаас өмнө Л.Таванбаяр найруулагчийн “Хамгийн хөөрхөн охин” кинонд тоглосон. Анхны кино гэхэд огт сандраагүй. Харин нэг кино бүтээхэд ард нь маш олон хүн ажилладаг гэдгийг хараад гайхаж байсан. Нэг хувцас зөөхөд хүртэл хүн хуваарилсан байдаг юм байна лээ.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
-“Хамгийн азтай үе” олон ангит киноны талаар яривал. Та бүтээсэн дүр үзэгчдийн хайрыг хүлээсэн, эгдүүтэй, хайр хүрэм дүр байсан шүү дээ?
-Хоёрдугаар дамжааны хичээлдээ дарагдаад, шантарч байсан үе. Нэг өдөр ширүүн бороо орчихсон, гэр рүүгээ алхаж явтал Үндэсний телевизийн найруулагч эгч над руу залгаж, кинонд тоглох санал тавьсан. Би зохиолоо уншихыг хүссэн. Зохиолоо уншаад надад маш их таалагдсан. Азтайзаяа бол миний мөрөөдлийн дүр. Тоглохыг хүсэж байсан дүр болохоор гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад, сургуулиасаа чөлөө авч, Монголд хэсэгтээ байхаар ирсэн.
-Хэцүү зүйл гарч байв уу?
-Азтайзаяагийн дүр кинон дээр ээж нь хамт байхгүйгээр зохиол бичигдсэн. Ээжийгээ санаад уйлдаг хэсгүүд их гардаг. Бусад жүжигчид киноны уйлдаг хэсэгт амьдралынхаа хамгийн хэцүү үеийг бодож уйлдаг гэдэг. Харин би дүрийнхээ яг юунаас болоод зовж байгааг бодож, дүрдээ орж уйлах гэж хичээдэг болохоор уйлдаг хэсгүүд надад маш хэцүү байдаг. Ихэнх хүмүүс ээжийгээ бодоод уйл гээд байдаг. Гэтэл манай ээж цоглог хүн байдаг юм.
-Найзуудаасаа хол байх хэцүү байсан уу?
-Би Монгол, Оросын хамтарсан III сургуулийг төгссөн. Ахлах сургуулиа төгсөөд шууд Испани явсан болохоор ахлах сургуулийн л найзуудтай. Манай сургуулийн хүүхдүүд төгсөөд бүгд Орос руу явчихдаг. Тийм болохоор бүгд л гадаадад байдаг. Бүгд хамтдаа гадны орнууд руу явж, зун нь Монголдоо ирж ярилцдаг. Хэцүү үе тохиолдоход бие бие рүүгээ залгаж, сэтгэлээ тайвшруулдаг.
-Эмэгтэй хүнийг ямар байх хэрэгтэй гэж боддог вэ?
-Эмэгтэй хүнийг ямар ч үед зөөлөн байх ёстой гэж боддог. Аль болох зөөлөн, аливааг түрүүлж бодог. Бодсоныхоо дараа үг, үйлдэл гаргадаг байгаасай гэж хүсдэг. Эмэгтэй хүн угаасаа хорвоог зөөллөх гэж л төрсөн шүү дээ.
-Арван жилийн дараах өөрийгөө ямар байгаасай гэж хүсэж байна?
-Би өөртөө хатуу шаардлага тавьдаггүй. Аль болох өөрийгөө жаргалтай байлгаж, эргэн тойрны хүмүүстэйгээ эрүүл харилцаа үүсгэхийг хичээдэг. Тийм болохоор аль болох жаргалтай амьдралын хэмнэлийг сонгож, ирээдүйдээ санаа зовохгүйгээр өнөөдрийн байгаадаа сэтгэл хангалуун амьдрахыг чухал гэж боддог.
Хэрвээ хүмүүст танигдахаар бол жүжигчин мэргэжлээрээ л танигдахыг хүсэж байна. Хувийн амьдралыг минь оролцуулахгүйгээр жүжигчин мэргэжлээр маань хүмүүс хүлээж авч, таниасай гэж хүсдэг.
Сэтгэгдэл ( 3 )
Heden uvuu nar bavjiigaa daa
yamar huurhun muur ve
americ muujgai yum u