Тэг цэгээс хоёр чингэлэг ачааг шилжүүлэх туршилт хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 08

БНХАУ-ын Эрээн хотод аравдугаар сарын 15-нд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Замын-Үүд,Эрээний боомтоор автозамын тээврийг түр зогсоогоод байгаа билээ.

БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол Улстай хиллэдэг Эрээн хотын боомтоор гардаг экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа барааг  ковидын халдвар дамжих нөхцөл  бүрдүүлэхгүй байх зорилгоор чингэлэг тээврээр шийдвэрлэхээр болсон. Энэ дагуу Замын-Үүд, Эрээн хотуудад чингэлэг байршуулах талбай байгуулж, чингэлэг өргөж буулгах калмарын тусламжтайгаар жолооч нар машинаасаа буухгүйгээр ачаа барааг зөөвөрлөх тохиролцоонд хүрсэн.

Гэвч чингэлэг тээвэр хэзээ эхлэхийг Эрээний талаас хариу өгөх тул одоогоор тодорхойгүй байна. Харин өнөөдөр /2021.12.08/ хоёр чингэлэг ачаатай туршилт хийхээр болжээ.  

Сануулахад өмнө нь туршилтын ажил хэд хэдэн удаа хийгдсэн ба ачаагүй туршилт хийсэн билээ.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, тээврийн хөлс хэт өсөх үед тээвэр хийх дээд үнийг нэг талдаа 10 сая төгрөгөөр тогтоож байсан бол энэ удаа ачаатай чингэлгийг хилийн “0” цэгээс Улаанбаатар хүргээд, хоосон чингэлгийг Замын-Үүд хүртэл буцаах нийт тээврийн үнийг НӨАТ оруулаад, 8.8 сая төгрөгөөр тогтоогоод байна.

Чингэлэгийн ачааг хүлээн авах, бүрдүүлэлт хийх, шилжүүлэн ачих ажиллагааг Замын-Үүд дэх гаалийн хяналтын талбайн эрхтэй Э-Транс, Дардан, МЧ-1, Бүс нутгийн логистикийн төвийн терминалд зохион байгуулах юм.

Тодруулбал, өдөрт 50 чингэлэг ачааг Эрээний хилээр гаргана. Тухайн чингэлгийг хоёр хоногийн дотор суллах ёстой гэдэг шаардлагыг Хятадын тал тавьж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top