Ирэх онд зэсийн эрэлт өсөх ч нийлүүлтээ давахгүй байх магадлалтай

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 12

Хятадын импорт өссөнтэй холбоотойгоор зэсийн үнэ нэмэгдсэн байна. Ингэснээр шар металлын гуравдугаар сард нийлүүлэх фьючерс үнэ Нью-Йоркийн “Comex” бирж дээр  фунт нь 4.38 ам.доллар (тонн нь 9636 ам.доллар) болсон нь мягмар гарагийн хаалтын үетэй харьцуулахад 1.1 хувиар өссөн үзүүлэлт ажээ.  Гэвч ойрын саруудад нийлүүлэлт нэмэгдэхээр зэсийн ханш буурах хандлагатай байна. Дэлхийн түүхий эдийн худалдааны компани “Трафигура” ирэх оны хоёрдугаар сарыг дуустал Хятадын зэсийн эрэлт буурна гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байна.

 Учир нь тус улсын эрчим хүчний хангамжийн асуудал болон барилгын зах зээлийн өсөлтийн удаашрал зэрэг нь зэс болон бусад металлын эрэлтэд нөлөөлнө гэж үзсэн байна. Мөн ирэх хоёрдугаар сард Бээжин хотноо болох Бээжингийн өвлийн олимп болон тус улсын Цагаан сарын баяртай холбоотойгоор эрэлт төдийлөн өсөхгүй гэж үзжээ. Ийнхүү ойрын хугацаанд урд хөршийн зэсийн эрэлт сулрах төлөвтэй байгаа бөгөөд барууны орнуудад ч цахилгааны үнийн өсөлттэй холбоотойгоор металл боловсруулах үйлдвэрүүдийн эрэлт багасаж мэдэхээр байна.

2022 онд зах зээлээ бүрэн хангана

Дэлхийн цэвэршүүлсэн зэсийн зах зээл 2022 онд ашигтай байх төлөв  ажиглагдаж буй талаар Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG) онцолж байв. Харин “S&P Global Platts”-ийн мэдээлснээр зэсийн  нийлүүлэлт 2022 онд эрэлтээсээ 328 сая тонноор давах төлөвтэй байна. “ED&F Man Capital Markets”-ийн шинжээч Эдвард Мейр "2022 онд зэсийн бүтээгдэхүүний хэрэглээ 3.9 хувиар  өснө гэсэн таамаглал байгаа  бөгөөд энэ нь сүүлийн найман жилийн хамгийн том өсөлтөд тооцогдож байгаа юм" гэв.  Харин “Commerzbank”-ийн түүхий эдийн шинжээч Даниел Бриземанн "Хэдийгээр эрэлт өснө гэж таамаглаж байгаа ч энэ нь нийлүүлэлтийн өсөлтийг шингээхэд хангалтгүй байх болно" гэж онцолжээ.

Ирэх хоёр жилийн хугацаанд зэсийн олон уурхай олборлолтоо эхлүүлнэ

Чили дэх “Teck”-ийн QBII, Перу дахь Англогийн “Quellaveco” зэрэг уурхай зэсийн нийлүүлэлтийг 200 сая тонноор нэмэгдүүлэх боломжтой аж. Түүнчлэн  Конго дахь Айвенхоугийн уурхай 70 сая тонн, Фрипортын Грасбергт (Индонезийн) уурхай олборлолтоо 110 сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Бриземанн хаягдал зэсээс хоёрдогч үйлдвэрлэл олборлож эхэлсэн нь зэсийн илүүдэл үүсэхэд нөлөөлнө гэжээ.

Хятадын зэсийн импорт буурчээ

БНХАУ өнгөрсөн аравдугаар сард 410.5 мянган тонн зэс импортлосон тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлсэн. Энэ нь өнгөрсөн есдүгээр сард 406 мянган тонн зэс импортлож байсантай харьцуулахад 1.1 хувиар өссөн дүн боловч өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 33.6 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Он гарсаар эхний 10 сарын байдлаар тус улс 4.43 сая тонн зэс импортлосон нь өмнөх оны мөн үеийнхээс 21 хувиар доошилжээ. Харин зэсийн баяжмалын импортын тухайд, аравдугаар сард 1.8 сая тоннд хүрсэн нь өмнөх есдүгээр сарын импортын дүнгээс (2.11 сая тонн) буурчээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top