Ч.Чинбат: Би цэргийн бүжигчин гэдгээрээ үргэлж бахархаж явдаг

С.Данзан | Zindaa.mn
2021 оны 12 сарын 12

Монголын мэргэжлийн урлагийн ууган байгууллагуудын нэг ЦДБЭЧ-ын “Бүжгийн алба” үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа учраас ЦДБЭЧ-ын залуу бүжигчин, дэд ахлагч Ч.Чинбаттай хөөрөлдлөө.


-Танд болон гайхам түүхийг дархлан бичигч хамт олонд тань Монгол цэргийн бүжиг үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе?

-Та бүхэнд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. 

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Чимэдцэрэнгийн Чинбат гэдэг. Одоо 20 настай. ЦДБЭЧ-даа гурав дахь жилдээ ажиллаж байгаа залуу бүжигчдийн нэгэн төлөөлөл байна.

-Та бүжгийн урлагт хэрхэн хөл тавьсан бэ. Бүжгийн урлагтай хэрхэн холбогдсон тухайгаа эргэн дурсвал?

-Би хамгийн анх есөн настай байхдаа “Би гоцлооч” нэртэй тэмцээнд алдарт “Жалам хар” бүжгээр тэргүүн байрын шагнал хүртсэн. Энэ цагаас хойш бүжгийн урлагт улам бүр дурлаж, бүжигчин болохыг мөрөөдөж эхэлсэн.

-Та бага наснаасаа л бүжигчин болохыг мөрөөддөг байв уу. Эсвэл урлагийн хүн ч юм уу?

-Бага байхдаа дуучин хүн болно гэж мөрөөддөг, ер нь л бол урлагийн хүн болно гэж боддог байлаа. Тэгээд л бүжигчин болохоор шийдэж, 2014 онд С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежид элсэн орсон.

-Урлагийнхан, тэр дундаа бүжигчдийн бага нас их л завгүй, шахуу бэлтгэл сургуулилттай өнгөрдөг юм шиг санагддаг. Таны хувьд?

-Бүжигчин болохоор бэлтгэгдэж байгаа хүүхдүүдэд ер нь бол  тоглох зав байхгүй шүү дээ. Бүжгүүдээ сурна, мэргэжилдээ улам дурлана, ур чадвараа ахиулна гээд цаг наргүй бэлтгэл шаарддаг. Одоо ч би бүжгийнхээ алхаа гишгээ, ялангуяа цэргийн бүжгүүдийн өгүүлэмж, дүр төрхийн илэрхийлэмж гээд суралцах зүйл ихтэй байдаг. Оройн цагаар ч хамаагүй ганцаараа толины өмнө бэлтгэл хийж, үзэгчдийн сэтгэлд хүрсэн бүтээлийг хүргэхээр хичээн суралцсаар л байдаг.

-Мэргэжлийнхээ юунд хамгийн ихээр дурладаг вэ?

-Бүжиг бол тэр чигтээ миний хүсэл мөрөөдлийн ертөнц. Тийм болохоор би тэрхүү ертөнцөөсөө өөрөө өөртөө өгч байгаа бүх гайхалтай мэдрэмжүүд, бас үзэгчдэд бүтээлийнхээ мөн чанарыг ойлгуулан, халуун алга ташилтаар шагнуулж байх тэр мөчийг сэтгэл хөдлөл хамгийн сайхан. Цаг ямагт л бүжгийн урлагтаа, тэр тусмаа цэргийн бүжигчин гэдгээрээ бахархаж, мэргэжилдээ шунан дурлаж байдаг даа. 

-Цэргийн бүжгийн сайхан нь юундаа байдаг вэ?

-Цэргийн бүжиг гэдэг бол омог бардам, цэгцтэй жавхаатай байдал гээд төгс бүхнийг нэг дор үзэгчдэд хүргэж чаддагаараа онцлогтой гэж би хувьдаа боддог. Эрэмгий зориг, эрэлхэг баатрууд гээд манай чуулгын цэргийн бүжигт сайхан гэж хэлэхэд багадмаар бүтээлүүд олон бий. Би ЦДБЭЧ-ын бүжигчин гэдгээрээ үргэлж бахархаж явдаг.

-Таны бүжиглэх бүртээ гайхалтай мэдрэмжийг авдаг бүтээл ямар бүтээл вэ?

-ЦДБЭЧ-ын мааны нэрийн хуудас болсон УГЗ Ш.Гун-Аажавын хөгжим, СТА Б.Банзрагчийн дэглэлт “Цэрэг бүжгийн чуулбар”, УГЗ Р.Ганбатын хөгжим, СТА Л.Баттөрийн дэглэлт “Эх орон танаа”, СТА О.Эрдэнэцогийн хөгжим СТА Л.Баттөрийн дэглэлт “Энхийн тэнгэрт”, СТА Н.Нарандэлгэийн дэглэлт “Цэрэг” гээд олон бүтээлүүд бүжиглэх тусам эрч хүч, урам зориг, гайхалтай мэдрэмжүүдийг өгдөг.

-Танд үлгэр дуурайлал авч ажилладаг цэргийн бүжигчин хэн бэ?

-Үеийн үеийн бүжигчин ах эгч нараасаа их үлгэр дуурайлал авч байгаа. Тэд маань ч миний алдаа, оноог хэлж өгч бүх зүрх сэтгэлээрээ надад тусалдагт талархаад баршгүй шүү дээ. Миний хувьд бүжигчин СТА А.Анхбаяр, СТА Э.Мөнхтөр, СТА Б.Хадбаатар, СТА Б.Болдбаатар ах нараасаа цэргийн бүжигчинд байх бүхий л зан чанар, авьяасын үлгэр дуурайллыг олж харж, тэднээсээ их суралцдаг.

-Танд бүтээхийг хүссэн бүжгэн жүжгийн дүр байдаг уу. Ямар дүрд хүч сорих сон гэж хүсч, мөрөөдөж явдаг вэ?

-Одоогоор миний бие эсрэг талын дүрд бүжиглэж үзээгүй байгаа. Тийм болохоор манай чуулгын “Нэр төр” бүжгэн жүжгийн Аймарын дүр шиг ч юм уу, нэг тийм сүрдэм, хүний сэтгэлд хэзээ ч мартагдахааргүй мэдрэмж, бодлыг төрүүлэхүйц эсрэг талын дүрийг л бүтээхийг хүсэж байна.

-Үзэгчдийн алга ташилтаас мэдэрдэг тэрхүү мэдрэмжээс хуваалцвал?

-Бүтээлээ үзэгчдийн сэтгэлд хүртэл төгс гүйцэтгэчихээд, халуун алга ташилтан дунд ёслох тэр мэдрэмж юугаар ч зүйрлэшгүй урам зориг, хамт олноороо бас бүжгийн урлагаараа бахархдаг. Яг зүрхэнд гал асна гэдэг шиг тийм гайхалтай мэдрэмж, дахиад үүнээс илүүг бүтээх юм шүү гэсэн итгэлийг олж авдаг даа. Ер нь бол үзэгчдийн нижгэнэсэн алга ташилт гэдэг бол бидний хичээл зүтгэл, олон удаагийн хөдөлмөр зүтгэлд минь өгч байгаа том шагнал шүү дээ.

-Бүжгийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн тоглолтын талаар уншигчиддаа мэдээлэл өгөхгүй юу?

-ЦДБЭЧ-д “Бүжгийн алба” үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан “Асаж дүүлсэн он жилүүд” хүндэтгэлийн тоглолтыг арванхоёрдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Бид бүхэн ёстой л цэргийн бүжгийн гайхамшиг, асаж дүүлсэн тэр мэдрэмжийг үзэгчид та бүхэндээ харуулахыг хичээн ажиллаж байгаа шүү. Тоглолтын тасалбар 50 мягман төгрөгийн үнэтэй. Энэ бол бүжгийн урлагт хайртай, цэргийн бүжгийн урлагийг бахдан бишрэгч та бүхний оюундаа оруулах бас нэгэн хөрөнгө оруулалт байх болно. 

-Хамт олондоо хандаж сэтгэлийн үгээ илэрхийлвэл?

-Юуны өмнө ЦДБЭЧ-ын “Бүжгийн алба”-ны хамт олондоо, үе үеийн бүжигчиддээ, ахмад уран бүтээлчиддээ бүгдэд нь Монгол цэргийн бүжиг үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Би ямагт та нараасаа суралцаж, одоо байгаагаасаа ч илүү их хичээн ажиллах болно гэж хэлмээр байна. Мөн намайг үргэлж дэмжиж тусалж байдагт баярлалаа. Хамт олондоо хайртай шүү гэж хэлье.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsuvdai(66.181.161.27) 2021 оны 12 сарын 13

Gomo lalar haha

0  |  1
zochin(202.179.27.228) 2021 оны 12 сарын 12

xoorxon umaa, bujigleed baigaarai ,amjilt chusei

0  |  0
Top