Монголын нүүрс тээврийн машины тоо буурсантай холбоотойгоор нүүрсний үнэ өсжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 14

“S&P Global”-ийн сайт дээр нийтлэгдсэн мэдээг орчуулан хүргэж байна.


Өвөрмонголын Ганцмод бол Монгол, Хятадын хуурай газрын хамгийн том хилийн боомт бөгөөд Монголоос нүүрс импортлох томоохон суваг юм. Монголоос Ганцмод боомтоор дамжуулан  энэ сарын 3-ны байдлаар өдөрт 300 нүүрс тээврийн машин хилээр нэвтэрдэг байсан бол  7-ноос эхлэн  100-аас доош болж  буурчээ. БНХАУ-ын хөрөнгө оруулалтын компани болох CIFCO-гийн мэдээлснээр арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар өдөрт 500 орчим нүүрс тээврийн машин нэвтэрч байжээ. Үүний зэрэгцээ, Өвөрмонголын өөр нэг хилийн боомт болох Сэхэ шинэ тохиолдол бүртгэгдсэний дараа хилээ хаасан бөгөөд өнөөг хүртэл хаалттай хэвээр байгаа юм.

Цар тахалтай холбоотойгоор БНХАУ-ын Монголоос  импортоор авах нүүрсний хэмжээ огцом буураад буй. БНХАУ нүүрсний уурхайнуудын  байгаль орчны хяналт шалгалтыг чангатгаж байсан ч аравдугаар сард орсон аадар борооны улмаас Шаньси муж үерт автаж, нүүрсний олборлолт тодорхойгүй хугацаагаар зогссон. Үүнтэй холбоотойгоор нүүрсний нийлүүлэлт буурч, үнэ нь өссөн билээ. Гэвч БНХАУ-ын нүүрсний уурхайнууд хэвийн горимд шилжиж, эрчим хүчний хямрал намжсанаас хойш импортоо бууруулж эхэлсэн.

Энэ сарын 7-ны байдлаар  БНХАУ-ын  нүүрсний нөөц 19.98 сая тоннд хүрсэн нь 2020 оны мөн үетэй харьцуулахад бага байгаа ч Ганцмод боомтын  үйл ажиллагааг цаашид ч зогсоох магадлалтай байгаа юм. Нөгөөтэйгүүр, Сэхэ боомт дахь үйл ажиллагааг хоёрдугаар сарын сүүлчээр  л эхлүүлэх магадлалтай гэдгийг эх сурвалжууд онцолж байгаа аж. “SDIC Essence Futures”-ээс Монголоос нүүрс тээвэрлэх машины тоо буурахын хэрээр нүүрсний үнэ бага зэрэг сэргэж эхэлснийг тодотгожээ. Даляны түүхий эдийн бирж дээр коксжих нүүрсний фьючерсийн гэрээний үнэ энэ сарын 9-нд тонн нь  2044 юань (322 ам.доллар) болсон нь долоо хоногийн өмнөхөөс 200 орчим юаниар өссөн үзүүлэлт аж.

2020 оны сүүлээр БНХАУ-ын Австралийн эсрэг авсан албан бус хоригийн улмаас Монгол Улс Хятадын нүүрсний гол нийлүүлэгч болсон. Аравдугаар сарын сүүлээр БНХАУ-ын  Засгийн газар томоохон уурхайнуудыг борлуулалтын үнээ 50 хувиар бууруулахыг тулгасны сацуу олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлэхийг үүрэг болгосон. Ингэснээр нэг тонн нь 2000 юаньд хүрээд байсан эрчим хүчний нүүрсний үнэ тал хувиар буурч тонн нь 1000 юаниас доошилсон билээ.

Тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо ирэх онд эрчим хүчний нүүрсний үнийг тонн нь 550-850 юаньд (86-133 ам.доллар) барихаар төлөвлөж, дотоодын уурхай, цахилгаан станцуудын төлөөлөлд танилцуулсан байна. Өөрөөр хэлбэл ирэх онд эрчим хүчний нүүрсний дундаж үнэ тонн нь 700 юаньд хэлбэлзэхээр байгаа нь уурхайн компаниудад харьцангуй боломжит ханш болохыг шинжээчид тайлбарлалаа. Оны эхний 11 сарын байдлаар тус улс нийт 292.32 сая тонн нүүрс импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.6 хувиар өссөн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аврагч(202.55.188.35) 2021 оны 12 сарын 16

нүүрсээ гаргахгүй байвал тэд өөрсдөө гуйж авах болно доо\n

1  |  0
Top