2022 онд Бээжинд болох өвлийн олимпыг дипломат аргаар бойкотлохоо дэлхийн хэд хэдэн улс мэдэгдээд байгаа билээ. Харин БНХАУ энэ талаар одоогоор ямар ч албан тушаалтныг уриагүй бөгөөд тэдний ирсэн эсэх нь хэнд ч хамаагүй гэж мэдэгдээд байна. АНУ, Их Британи, Австрали, Канад зэрэг улс Хятадыг хүний эрхийг зөрчиж байна гэж үзэн дипломат албан тушаалтнуудаа илгээхгүй байх замаар Бээжингийн олимпыг бойкотлохоо зарласан. Гэхдээ тамирчдаа тэмцээнд оролцуулна.
Тэгвэл Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин баасан гарагт Австралийн албаны хүмүүс ирэх эсэх нь Хятадад хамаагүй гэжээ. Тэрбээр мөн “БНХАУ Австралийн дипломатуудыг Бээжингийн өвлийн олимпод оролцохыг уриагүй. Үнэндээ тэдний ирэх эсэх нь хэнд ч хамаагүй бөгөөд Австралийн улстөрчдийн хувийн ашиг хонжоо хайсан улс төрийн бодлого нь Бээжинг өвлийн олимпыг амжилттай зохион байгуулахад ямар ч нөлөө үзүүлэхгүй" гэсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тус улсын Засгийн газрын сайд нар өвлийн олимпын наадамд оролцохгүй гэж мэдэгдсэний дараа Лондон дахь Хятадын албаны хүн Их Британийн ямар ч албан тушаалтныг уриагүй гэж мөн мэдэгдсэн билээ. Цагаан ордон "Шинжаанд геноцид болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж байна" гэсэн шалтгаанаар АНУ-ын ямар ч албан тушаалтныг Бээжингийн олимп руу явуулахгүй гэдгээ мэдэгдсэн. БНХАУ 2016 оноос хойш Шинжаан дахь ислам шашинт уйгур хүн амыг системтэйгээр дарж, нэг сая хүртэлх хүнийг шоронтой төстэй хуаранд хорьсон гэх мэдээлэл байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны өөр нэг төлөөлөгч Жао Лицянь "Өвлийн олимпын наадам бол улс төрийн бодлого, заль мэх хийх талбар биш гэдгийг би онцлон хэлмээр байна” хэмээсэн. Шинэ Зеландын Засгийн газар мөн дипломатуудаа илгээхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
bidniig xen ch tookhgyi dee
Монгол улс бас бойкот хийх хэрэгтэй. Манай улсын хилийг хааж, боож байгаа юм чинь бид ч бас мөчөөгөө өгөхгүй үзэх ёстой. Даанч манай дарга нар айгаад чадахгүй л дээ.
Болсон хариуг өгч ээ.Тэд нар өөрсөдийгөө ”цагаан арьсан хүн бол хүний дээд гэх бодлоосоо салаагүй л байна даа..юу гэж боддог юм бол