Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг, Монголын үндэсний олимпын хорооны "Бөртэ Чоно 2021" Тэргүүн дээд шагналын эздийг өнөөдөр /2021.12.13/ тодрууллаа.
ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН - Ц.ЦОГТБААТАР
-“Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар санал асуулгад тэргүүлж, шилдгийн шилдэг эрэгтэй тамирчны “Бөртэ чоно” шагналын эзэн боллоо. Тэрбээр нэг жилийн дотор жүдо бөхийн гурван Их дуулгад түрүүлсэн анхны бөх болж, дэлхийн чансааг тэргүүлэхэд цөөхөн оноо дутсан нь спортын сэтгүүлчдээс өндөр санал авах үндэс болжээ.
ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН - М.УРАНЦЭЦЭГ /жүдо бөх/
-Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийн хувьд 2021 он онцгой жил байлаа. Тэрбээр зургадугаар сард Будапешт хотноо болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол сар гаруйхны дараа Токиогийн олимпын наадмаас Монголын багийн эхний медалийг эх орондоо авчирсан билээ. Улмаар нэг жилийн дотор олимп, дэлхийн дэвжээнээс медаль зүүсэн анхны тамирчин болсон юм. Мөн Тбилиси, Ташкентийн Их дуулгад дараалан түрүүлсэн билээ.
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН - САЕИД МОЛЛАЕЙ /жүдо бөх/
-“Токио-2020” олимпын наадмын мөнгөн медалийн эзэн, Ази тивийн аваргын хүрэл медальт Саейд Моллай оны шилдэг эрэгтэй тамирчны санал асуулгад аман хүзүүдлээ. Спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгад тэрбээр 89 оноо авсан юм.
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН - М.ЛХАГВАГЭРЭЛ /чөлөөт бөх/
-“Токио-2020” олимпын наадамд шагналт V байр эзэлж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн М.Лхагвагэрэл спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгад 40 оноо авч, шилдэг эрэгтэй тамирчны гуравт бичигдлээ.
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН - Б.БОЛОРТУЯА /чөлөөт бөх/
-“Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Б.Болортуяа оны шилдэг эмэгтэй тамирчдын санал асуулгад 80 оноо авч, хоёрдугаар байрт жагсав.
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН - М.АНХЦЭЦЭГ /хүндийг өргөлт/
-“Токио-2020” олимпын наадамд медалийн төлөө өрсөлдөж, шагналт IV байрт шалгаран хүндийг өргөлтийн түүхийг шинэчлэн бичсэн гавьяат тамирчин М.Анхцэцэг спортын сэтгүүлчдийн саналаар оны шилдэг эмэгтэй тамирчны гуравт бичигдлээ. Тэрбээр санал асуулгад 72 оноо авсан байна.
ПАРАЛИМПЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН - Э.СОДНОМПИЛЖЭЭ
-“Токио-2020” паралимпын наадмаас алтан медаль хүртсэн хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ паралимпын шилдэг тамирчнаар тодорч, “Бөртэ чоно”-ын эзэн болов.
ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН - Д.ОТГОНЖАРГАЛ /чөлөөт бөх/
-Чөлөөтийн шигшээ багийн тамирчин Д.Отгонжаргал 20 настайдаа “Осло-2021” ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаар оны шилдэг залуу тамирчнаар шалгарлаа.
ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ - Д.БАТТУЛГА /пауэрлифтинг/
-Паралимпын наадмын аварга Э.Содномпилжээгийн багш Д.Баттулга оны шилдэг дасгалжуулагчийн “Бөртэ чоно” шагналын эзэн боллоо.
ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ - Х.БОЛДБААТАР /жүдо бөх/
-Баг тамирчдаа амжилттай удирдан “Токио-2020” олимпын наадмаас гурван медаль, “Будапешт-2021” ДАШТ-ээс хоёр медаль авчирсан гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар оны шилдэг дасгалжуулагчаар тодорч, “Бөртэ чоно”-ын эзэн боллоо.
ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ - Б.БАТТУЛГА /чөлөөт бөх/
-Гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдсан чөлөөтийн шигшээ багийн тамирчид энэ жил олимпын наадмаас нэг хүрэл, ДАШТ-ээс зургаан хүрэл, Азийн АШТ-ээс хоёр алт, таван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн юм.
- ШИЛДЭГ ШҮҮГЧ - Т.ЭНХЦЭЦЭГ /жүдо бөх/
“Будапешт-2021” ДАШТ, “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг дэнсэлсэн Т.Энхцэцэг оны шилдэг шүүгчээр шалгарлаа. Т.Энхцэцэг шүүгч “Токио-2020” олимпын наадамд хүрэл медалийн төлөөх зургаа, аваргын төлөөх хоёр барилдааныг шүүсэн юм.
- -СПОРТЫН ШИЛДЭГ ИВЭЭН ТЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА - СКАЙТЕЛ ГРУПП
Спорт, олимпизмыг дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Скайтел группийг спортын шилдэг ивээн тэтгэгчээр тодруулав.
- АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА - СПОРТЫН АНАГААХ УХААН, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
“Токио-2020” олимпын наадамд амжилттай ажилласан Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв ажил мэргэжлийн шилдэг байгууллагаар шалгарав.
- ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ ХОЛБОО - МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
Монголын хөлбөмбөгийн холбоо 2021 онд тамирчдад зориулсан бэлтгэлийн төв ашиглалтад оруулж, олон улсын тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж, шүүгч, дасгалжуулагчдын сургалт семинарыг амжилттай зохион байгуулсан үзүүлэлтээр шилдэг менежменттэй холбоогоор шалгарлаа.
- ШИЛДЭГ ХОЛБОО - МОНГОЛЫН ЖЮҮ ЖИЦҮГИЙН ХОЛБОО
Байгууллагын хөгжил, спортын амжилтаараа Монголын жюү-жицүгийн холбоо олимпын бус төрлийн шилдэг холбоогоор шалгарав.
- ОЛИМПЫН ТӨРЛИЙН ШИЛДЭГ ХОЛБОО - МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО
Монголын жүдогийн холбоо спортын амжилтаараа бүх холбоодыг тэргүүлж, оны шилдэг холбоогоор шалгарлаа. Монголын жүдочид энэ жил олимпын наадмаас гурав, ДАШТ-ээс хоёр, Их дуулга, гранпри тэмцээнээс зургаан алт, таван мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн юм.
- ОЛИМПЫН ТӨРЛИЙН ШИЛДЭГ ХОЛБОО - МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО
2021 онд Монголын чөлөөт бөхийн холбоо спортын амжилтаас гадна спортын хөгжил, маркетингийн үзүүлэлтээр Олимпын төрлийн шилдэг холбоогоор тодорлоо.
- СПОРТЫН ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ - “СТЕППЕ АРЕНА”
Үндэсний хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл болсон 95 аж ахуйн нэгжийн оролцоо, 1600 гаруй мэргэжилтний ур ухаанаар бүтсэн, 2600 үзэгчийн суудалтай, жилийн дөрвөн улирлын турш ашиглах боломжтой “Степпе Арена” мөсөн өргөө “Бөртэ чоно” наадмын спортын шилдэг бүтээн байгуулалтаар тодорлоо.
- ШИЛДЭГ БАГ - 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ
Олимпын наадамд багийн спортын төрлөөр түүхэндээ анх удаа эрхээ авсан өрсөлдсөн 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ оны шилдэг багаар тодорч, “Бөртэ чоно”-ын эзэн боллоо.
- СПОРТЫН ШИЛДЭГ ИВЭЭН ТЭТГЭГЧ - MCS COCA COLA КОМПАНИ
Спорт, олимпизмыг дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн MCS COCA COLA компанийг спортын шилдэг ивээн тэтгэгчээр тодруулав.
- ОНЫ ШИЛДЭГ СПОРТЫН СЭТГҮҮЛЧ - МҮОНТ-ИЙН “МОНГОЛЫН СПОРТЫН НЭГЭН ЗУУН” ТӨСЛИЙН БАГ
Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан “Монголын спортын нэгэн зуун” төслийн хүрээнд 100 цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж буй МҮОНТ-ийн баг “Бөртэ чоно” наадмын “Оны шилдэг спортын сэтгүүлч” шагналын эзэн боллоо.
- ШИЛДЭГ ОЛИМПЫН ЗӨВЛӨЛ – ОРХОН АЙМГИЙН "АТЛАНТА" ОЛИМПЫН ЗӨВЛӨЛ
Цар тахлын үед Орхон аймгийн “Атланта” олимпын зөвлөл нь спорт-олимпизмыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах ажлыг эрчимтэй өрнүүлөв. Мөн харьяа олимпын танхимуудын үйл ажиллагааг түлхүү дэмжин ажиллаж, Шилдэг олимпын зөвлөлөөр тодорлоо.
- ШИЛДЭГ ОЛИМПЫН ЗҮТГЭЛТЭН – Ш.ЛХАЧИНЖАВ
Ш.Лхачинжав нь 2014-2016 онуудад “Дархан хил Рио-2016” Олимпын бамбарын аяныг зохион байгуулж, Монгол улсын хилийг тойруулан аялуулсан.
“Пёнчан-2018” өвлийн олимпын наадмыг угтаж Олимпын тугийг, “Токио-2020” Олимпын наадмыг угтаж Олимпын бамбарыг анги отрядын бие бүрэлдэхүүнийг бүрэн хамруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
Мөн хилийн цэргүүдийн бие бялдрын хүмүүжил ажилд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж, спорт-олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
- ОНЫ ШИЛДЭГ ОЛИМПЫН ТАНХИМ - ХӨВСГӨЛ АЙМГИЙН "СОД ЭРДЭМ" ЕБС-ИЙН “СОДОН” ОЛИМПЫН ТАНХИМ
Хөвсгөл аймгийн "Сод Эрдэм" сургуулийн "Содон" олимпын танхим нь 2020, 2021 онуудад олимпын боловсролыг сурагчдад олгох, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажлыг шинэ түвшинд эрчимтэй өрнүүлж, Шилдэг олимпын танхимаар шалгарлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Mollai ni shildegiin shildeg bolmoor uym