Амиа алдсан гал сөнөөгч залуугийн үхлийн талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ!

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 15

Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Гал унтраах ангийн алба хаагч тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын эхээр гарсан. Үүнтэй холбоотойгоор түүний эхнэр З.Одгэрэл өчигдрөөс өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн юм.

З.Одгэрэл: Онцгой байдлынхан нөхрийг минь нас барсан гэдгийг хэлээгүй удсан

Тэрбээр “Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн үүдэнд би эсэргүүцлээ илэрхийлж, суулт зарлаж байна. Үүний учир шалтгаан бол энэ сарын 3-ны 09 цаг 27 минутын орчим миний нөхөр Улиастайн самбарын хулдаасыг буулгах гэж байгаад нас барсан. Амиа алдсан гол шалтгаан мэргэжлийн бус техникч, жолоочийн алдаанаас болсон гэж бодож байна. Тэд нөхрийг минь шаттай хамт өргөх гэж байгаад тогны утсанд хүргэж, цахилгаанд цохиулж аминд нь хүрсэн. Миний нөхөр Онцгой байдлын ахлах ахлагч цолтой гал сөнөөгчөөр 10 орчим жил ажилласан. Тухайн өдөр 24 цаг нойргүй ажиллаад ээлжээсээ бууж байсан юм. Гэтэл нөхрийг минь Гал унтраагч 63 дугаар ангийн Тасгийн дарга н.Эрдэнэбат тус ангийн захирагч н.Ууганбаяр, жолооч н.Ганхөлөг нартай албан бус ажилд явуулсан.

Үүний улмаас миний нөхөр мэргэжлийн бус хүмүүстэй албан бус ажилд явснаас болж цахилгаанд цохиулж нас барчихлаа. Нөхрийн маань тархи нь задарч амиа алдсан юм билээ. Миний нөхөр  тухайн өдрийн 10.00 цагийн үед   нас барсан байсан. Гэвч би 21.00 цагт мэдсэн. Шүүх эмнэлгийн моорогт очиж, нүдээрээ харж итгэсэн. Тэр үед  Онцгой байдлынхан надаас нуугаад нөхрийг минь нас барсан гэдгийг хэлээгүй удсан юм. Онцгой байдлынхан хариуцлага алдаж нөхрийн минь аминд хүрчихээд надад “Танай нөхөр малгайгаа тайлаад цахилгаанд цохиулчихсан” гэж хэлсэн. Тийм учраас камерын бичлэгийг олон нийтэд ил болгохыг хүсэж байна.

Би нөхрөө ямар шалтгааны улмаас нас барсан гэдгийг олон нийтэд ил болгож, нэр төрийг нь сэргээх хүртлээ өлсгөлөн зарлаж сууна” гэлээ.

НОБГ: Цагдаагийн байгууллага шалгаж байгаа болохоор мэдээлэл өгөх эрх бидэнд байхгүй

Тогонд цохиулж, амиа алдсан гэх дээрх хэрэг явдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахаар тус газрын “Олон нийттэй харилцах хэлтэс”-тэй холбогдлоо.

-Танай газрын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийн зүгээс ажиллаж байсан Гал унтраах ангийн удирдлагуудад гомдолтой байгаагаа илэрхийлж байна. Энэ талаар тайлбар мэдээлэл өгөөч?

-Манай энэ асуудлаар тайлбар мэдээлэл өгөхгүй. Наадах хэргийг чинь цагдаагийн байгууллага шалгаж байгаа. цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа асуудлаар бид мэдээлэл өгөх эрх байхгүй.

-Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа юм билээ. Гэхдээ энэ хэргийг талийгаачийн буруутай үйлдлээс болсон мэтээр ойлгогдохоор зохион байгуулалттай мэдээллүүд гаргаад байгаа гэж ар гэрийнхнийх нь зүгээс тайлбарлаад байна?

-Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан хэрэг болохоор цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа болохоор наана нь мэдээлэл өгөх ямар ч боломжгүй байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(192.82.90.151) 2021 оны 12 сарын 15

Дүүргийн МАНын удирдлага суртчилгааныхаа самбаруудаа янзлах заавар өгөөд явуулсан л байна лээшд

1  |  1
Top