ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.12.15/ тус улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордоод байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан ахмад дипломатч, Элчин сайд асан Д.Баярхүүгээс айлчлалтай холбогдуулан байр суурийг нь сонирхлоо.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны зургаадугаар сард төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш анхны албан ёсны айлчлалаа ОХУ-аас эхэлж байна. Олон улсад ямар жишиг байдаг гэхээр шинээр сонгогдсон төрийн тэргүүн аль улсаас айлчлалаа эхлэх вэ, тэр нь цаашаа Монгол төр, гадаад бодлогын чиглэлийг тодорхойлоод явчихдаг. Тэгэхээр албан ёсныхоо айлчлалыг ОХУ-аас эхэлж байгаа нь Монгол, ОХУ-ын харилцааг Монголын төр байнга анхааралдаа тавих юм байна, энэ харилцаанд онц ач холбогдол өгч байгаа юм байна гэдгийн илэрхийлэл юм.
Монгол, Оросын харилцаа, ялангуяа харилцааны өндөр дээд түвшинг эдийн засгийн аргаар баяжуулах, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулах, цар тахлын үеийн хүнд нөхцөлд цааш нь хэрхэн авч явах вэ, яаж эрчимжүүлэх вэ, тэр дундаа манай улсын хэрэгцээ шаардлага, эдийн засаг, худалдааны хэрэгцээ шаардлага хэрхэн хангах вэ зэрэг том, том асуудлыг өмнөө тавьж ярих байх гэж бодож байна. Монгол, Орос хоёрын худалдаа, эдийн засгийн харилцаа нь санасан түвшинд хүрэхгүй байна. Монгол Улс өнөөдрийг хүртэл өмнөд хөршөөсөө хэт хараат болсон байна. Монгол Улс олон тулгуурт гадаад бодлого барихад хоёр хөрштэйгээ энэ тэнцүү байна гэж заасан байдаг. Үүнийг нөхөхөд Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал их түлхүү үүрэг гүйцэтгэх байх гэж бодож байна" хэмээн тодотгов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлал ирэх баасан (2021.12.17) гараг хүртэл үргэлжлэх бөгөөд айлчлалын хүрээнд тус улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай ганцаарчилсан уулзалт хийхээр төлөвлөөд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд энэхүү айлчлал нь төрийн тэргүүн болсноос хойш ОХУ-д хийж байгаа анхны айчлал юм. Тэрбээр өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тус улсад айлчилж байсан билээ.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал Монгол Улс, Оросын холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хийгдэж байгаагаарай онцлогтой юм. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Түүнчлэн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл ( 0 )