Ковид-19 цар тахал гэж чухам ямар халдварт өвчин болох, иргэд хэрхэн нүүр тулж эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаагаар хохирч байсан, цар тахлыг даван туулахын тулд эрүүл мэндийн салбар, эмч мэргэжилтнүүд галын шугамд яаж ажиллаж, тэмцсэн хийгээд энэ үед гарсан алдаа, оноо бүхэн нь бидэнд, бидний хойч үед түүх, туршлага, сургамж болох юм.
Тиймээс “Vast Mongolia” продакшин Ковид-19 цар тахалтай хэрхэн нүүр тулсан талаар харуулсан “Улаан шугам” баримтат кино бүтээжээ. Тус кино энэ сарын 18-нд телевизүүдээр олон нийтэд хүрэх гэж байна.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Тус киноны гол үйл явдал нь Монгол Улсад Ковид-19-ийн халдвар хурдтай тархаж нөхцөл байдал хүндэрсэн үед буюу 2021 оны зургадугаар сараас өрнөж, 2021 оны 9 сар хүртэл үргэлжилнэ. Мөн дотооддоо халдвар алдсан үеэс эхлэн 2021 оны наймдугаар сар хүртэлх цар тахалтай холбогдох бусад үйл явдал, тоо баримтууд зохиолд бүрэн тусгагджээ.
Баримтат киноны гол, туслах дүрүүд болох эмч, өвчтөн, тэдний ар гэр, бусад дүрүүд нь ямар ч зохиомжгүй бодит учир тэдний ажил амьдралын бодит түүх дээр тулгуурлан кино зохиолыг гаргасан байна.
Зураг авалтыг цар тахлын үед Ковид-19-ийг эмчлэх эмчилгээ, үйлчилгээг үндсэн үйл ажиллагааны нэгэн адил хийж байсан, одоо ч хийж байгаа томоохон эмнэлэг ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ, Цэргийн төв эмнэлэг зэрэг мөн хамаарал бүхий байгууллага болох НЭМҮТ, “Улаанбаатар буян” компани зэрэг арваад байгууллагад хийж гүйцэтгэжээ.
Сэтгэгдэл ( 0 )