Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.
Энэхүү айлчлал нь Монгол Улс, Оросын холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд төлөвлөгдсөнөөрөө онцлогтой юм.
Айлчлалын хүрээнд өнөөдөр /2021.12.16/ хоёр улсын төрийн тэргүүн нар “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргана.
Монгол Улс ОХУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоож байжээ.
Харин 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Монгол Улс, ОХУ-ын хооронд Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг байгуулсан байдаг бол 2009 оны наймдугаар сарын 25-ны өдөр 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглал”-д гарын үсэг зурсан.
Түүнчлэн 2006 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Москвагийн тунхаглал”-д гарын үсэг зурж, стратегийн түншлэлийн харилцааг тогтоож байжээ. Дараа нь 2000 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Улаанбаатарын тунхаглал”-д гарын үсэг зурж байв.
Улс төр судлаачид болон гадаад харилцааны мэргэжилтнүүд хоёр улсын төрийн тэргүүн нар 100 жилийн тунхаглал гаргаж байгаа нь Монгол Улс, ОХУ хоорондын хамтын ажиллагаа, харилцааны түвшинг ахиулах түүхэн үйл явдал гэж харж, дүгнэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хоёр улсын хилийг шалгах асуудлыг мөхөс би сайн ойлгосонгүй....Нэгэнт тогтсон хиоийг дахиж шаогах хэрэг юу байна !!!!!!!!!!!!!!