Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ирэх онд "Соёлын өвийн бага театр" байгуулах хамтын ажиллагааны гурван талт гэрээнд өнөөдөр /2021.12.17/ гарын үсэг зурав.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Монголчуудын оюуны соёлын үнэт зүйл болох соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах гэх мэт олон талт үйл ажиллагаа явуулах 162 мкв талбай бүхий 100 хүний багтаамжтай бага театрыг Соёлын өвийн үндэсний төвийн барилга дотор шинээр байгуулах аж.
Энэхүү театрын дотоод заслын ажилд “Рио Тинто Монгол” ХХК 440 сая төгрөгөөр хөрөнгө оруулжээ. Улмаар Соёлын өвийн үндэсний төв, Монголын урлагийн зөвлөл, “Рио Тинто” компанийн төлөөллүүд гэрээнд гарын үсэг зурлаа.
Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат “Засгийн газраас Соёлын яамыг шинэчлэн байгуулсны дагуу соёлын өвийг хамгаалах чиглэлийн өндөр түвшний ажлуудыг хийж эхэлж байгаа. Үүний нэг ажил нь “Соёлын өвийн үндэсний төв”-ийг шинээр ашиглалтад оруулсан. Энэ байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд холбогдох төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагуудтай хамтарч ажиллахыг дэмжиж байгаа. Үүний хүрээнд соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагч нарт зориулсан бага театрыг тохижуулах ажлыг “Рио Тинто Монгол” ХХК-тай хамтарч ашиглалтад оруулахад хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Монгол Улсад 10.800 гаруй соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч хүмүүс байдаг. Энэ хүмүүс өөрсдийнхөө урын санг олон нийтэд танилцуулах, сурталчлах, сургалт явуулахад зориулсан төрөлжсөн төв байдаггүй.
Манай үндэсний төвд үүнийг бий болгож, доторх тохижилтыг “Рио Тинто” компанитай хамтарч хийж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь манай байгууллагын хувьд томоохон аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллаж байгаа анхны тохиолдол болж байна. Цаашдаа ч мөн тогтвортой хамтарч ажиллахаар төлөвлөж байна” гэсэн юм.
Харин соёлын өвийн бага театр байгуулснаар ямар хувь нэмэртэй талаар Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл “Энэхүү бага театрыг байгуулснаар Монголын соёлын өвийн үндэсний төвд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах, боловсролын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах, соёлын биет бус өвийг өвлүүлэн уламжлуулахад ихээхэн хувь нэмэртэй гэж үзэж байгаа” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )