Э.Бат-Үүл нарын 11 хүнд оноосон шүүхийн шийдвэр БҮРЭН ЭХЭЭРЭЭ

2021 оны 12 сарын 18

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2021 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн хооронд хянан хэлэлцлээ.


Прокуророос шүүгдэгч Л.Нарантуяа, Ш.Ганхуяг нарт Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ш.Ганхуягт Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,  шүүгдэгч Д.Оюунжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  шүүгдэгч Ё.Гэрэлчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,  шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Мөнхтөр, Б.Чулуудай нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо.

-Шүүгдэгч Э.Бат-Үүлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож /нээлттэй/, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оноов.

-Шүүгдэгч  Б.Чулуудайд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.360.000 төгрөгөөр торгох ял оноов.

-Шүүгдэгч А.Гантулгад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

-Шүүгдэгч Б.Мөнхтөрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

-Шүүгдэгч Т.Гэрэлт-Одод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 7 сая төгрөгөөр торгох ял,

-Шүүгдэгч Д.Жаргалсайханд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял,

-Шүүгдэгч Ю.Алтангэрэлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэлээ.

Шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас 1 тэрбум 327 сая 800 мянган төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, иргэний хариуцагч Бэрэн ХХК-наас 9 тэрбум төгрөгийг,  шүүгдэгч А.Гантулгаас  210.651.500 төгрөгийг,  шүүгдэгч Т.Гэрэлт-Одоос 120.096.500 төгрөгийг шүүгдэгч Ю.Алтангэрэлээс 10.500.000 төгрөгийг тус тус гаргуулан Төрийн орон сууцны корпорацад олгуулж шийдвэрлэв.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(178.235.177.159) 2021 оны 12 сарын 19

Salag ovgon door hayaz 8 zil avah jostoi tiim olon humuusiig hohiroson bn ter gologiig bas suulgah heregtei

0  |  0
Top