Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володинтай уулзав

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтай уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал оны туршид өргөн хүрээнд тэмдэглэж, ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-д хийж буй айлчлал амжилттай болж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны шинэ зууны зорилт, тэргүүлэх чиглэлийн талаар ойлголцолд хүрч, хамтарсан Тунхаглал гаргасан нь хоёр улсын харилцааны цаашдын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал хэсэг болохыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Төрийн Думын дарга В.В.Володин нар тэмдэглэж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй хөгжиж байгааг сайшаав. Хоёр улсын парламент хооронд хамтын ажиллагааны шинэ механизм байгуулах талаар ярилцаж буйг ойрын хугацаанд ажил хэрэг болгох нь зүйтэй гэж санал нэгтэй үзэв.

Уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд бүх салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Төрийн Думын зүгээс дэмжлэг үзүүлэхээ В.В.Володин илэрхийлэв.

Манай сурвалжлагч Москва хотоос мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top