Шинэ жилийн өдрүүдээр олны хүртээл болж заншсан алдарт "Цөмөөхэй" бүжгэн жүжиг ковид цар тахлын улмаас 2020 онд тавигдалгүй өнжсөн. Түүнчлэн энэ жил 2021 оны 12 дугаар сарын 18, 19, 24, 25, 26-ны өдрүүдэд " Цөмөөхэй" эргэн ирэхээр болсон тухай сайхан мэдээг уншигч танд өмнө нь хүргэсэн билээ.
Тэгвэл тов ёсоор өнөөдөр бол УДБЭТ-т "Цөмөөхэй" амилах өдөр гэдгийг тодотгоё.
Дэлхий даяар сая сая үзэгчдийн хайртай бүжгэн жүжиг болж, дархлагдсан "Цөмөөхэй"-н үүх түүхийг эргэн харвал зуун зууныг дамнасан алдарт бүтээл юм.
Германы зохиолч Хоффманы 1815 онд зохиосон “Цөмөөхэй” нэртэй үлгэрийг алдарт П.И.Чайковский 1892 онд "амилуулан" “Цөмөөхэй” балетыг бичсэн түүхтэй.
Монгол Улсад анх 1982 оны тавдугаар сарын 8-нд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид уг бүжгэн жүжгийг тоглож байв.
Дэлхийн олон улс оронд Зул сар, Шинэ жилийн баяраар тоглогддог уг бүжгэн жүжгийг Монгол Улсдаа шинээр найруулан тавих санаачилгыг гаргаж, хэрэгжүүлж буй эрхэм бол МУГЖ, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуяг юм.
Түүнчлэн тэрбээр энэ жил биечлэн ирж "Цөмөөхэй"-г найруулан, тавьж байна.
Цар тахлын улмаас энэ жил цөөн хүүхэдтэйгээр тавигдаж буйг зохион байгуулагчид хэлж байсан.
Тоглолтын гол дүр Клара охинд Монголын балетын үндэсний сургуулийн сурагч Г.София, Н.Аззаяа, Т.Есүй, Х.Тэгшжаргал, Монгол Улсын консерваторийн сурагч Б.Буянхишиг нар тоглож байна.
Амттаны дагинад УДБЭТ-ын тэргүүн гоцлоочид МУГЖ, Монгол Улсын Соёлын элч О.Анужин, МУСТА Б.Саранбямба, МУСТА Г.Батчимэг, МУСТА М.Нандинцэцэг нар, Цөмөөхэй ханхүүд МУСТА А.Эрдэнэболд, МУСТА Д.Нацагдорж, Ө.Мөнхжин, Х.Галтулга нар тоглож буй аж.
Сэтгэгдэл ( 0 )