Б.Өнөрмаа: Прокурорыг зөвхөн яллах байр сууринаас ханддаг гэдэг нь ташаа ойлголт

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 28

УЕПГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаатай ярилцлаа.


-Саяхан Хүний эрхийн өдөр болж өнгөрсөн. Прокурорын байгууллага хүний эрхийг хангагч нэг байгууллага болохынхоо хувьд хэрхэн ажиллаж байна вэ?

-Прокурорын бүхий л ажиллагаа хүний эрхтэй холбогдсон байдаг. Үндсэн чиг үүргийнхээ хүрээнд эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хүний эрхийг хангахаас гадна нийгэмд чиглэсэн буюу хүний эрх зөрчигдөж байгаа шалтгаан нөхцлийг судалж, урьдчилан сэргийлэх, засч залруулах арга хэмжээ авах боломж прокурорын байгууллагад бий. Тухайлбал, “Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдол”-ын суурь судалгаа, “Арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн шалтгаан нөхцөл”-ийн суурь судалгаа, “Зам тээврийн ослын нөхцөл байдал”, “Шүүхээс оногдуулж буй ялын бодлого” гэх мэт судалгааг дурьдаж болно.

Хамгийн сүүлд гэхэд “Зөрчлийн тухай хуульд заасан, хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл”, “Ялгаварлан гадуурхах гэмт хэргийг шалгах, нотлоход анхаарах асуудал”-ыг судалж гарын авлага, зөвлөмж зэргийг боловсруулан, сургалтууд зохион байгууллаа. Судалгаа хийгээд зөвхөн алба хаагч нарт сургалт хийх нь бас хангалтгүй. Шаардлагатай бол бодлогын шинжтэй асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох яам, газруудад хандах арга хэмжээ авна. Нөгөө талаасаа, эдгээр арга хэмжээ нь бүхэлдээ л хүний эрхийг хамгаалахад чиглэгдэж байгаа юм.

-Прокурорын байгууллагыг зөвхөн яллах чиг үүрэгтэй гэж олон нийт хардаг.  Прокурор доод шатны прокурортоо нөлөөлдөг гэх ч хандлага байдаг. Энэ талаар таны бодол?

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос прокурорын гаргасан шийдвэрийн талаар дээд шатны прокурорт гомдол гаргаж байгаа нь хүний эрхийг хангах нэг баталгаа. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргадагтай л ижил процесс. Хяналтын прокурорын гаргасан шийдвэр хуульд нийцсэн эсэх, мөрдөгч, прокурор хууль бус үйлдэл гаргасан эсэхийг дээд шатны прокурор хянаж байгаа нь хүний эрхийг хангахад чиглэсэн ажил.

Прокурорыг яллах байр сууринаас хандаж байна гэдэг хандлага цөөнгүй байдаг. Гэвч тийм биш. Эрүүгийн болон зөрчлийн хэргийг шалгах явцад мөрдөгч хууль зөрчсөн бол тухайн шийдвэрийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авдаг. Энгийн жишээгээр тайлбарлавал, мөрдөгчөөс хэн нэгэн иргэнийг баривчлах, цагдан хорих санал гаргахад тэр бүрийг хүлээж аваад байдаггүй. Үндэслэлгүй саналыг хүлээн авахаас татгалзана. Хэрвээ хууль бусаар баривчилсан бол даруй суллах арга хэмжээ авч, тухайн мөрдөгчид хариуцлага тооцох хүртэл асуудал яригддаг. Прокурор хяналтаараа тухайн зөрчлийг илрүүлж чадаагүй бол өөрөө ч мөн адил хариуцлага хүлээнэ. 

Тухайлбал, энэ оны гуравдугаар улирлын байдлаар 13 мянга 547 яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авсны 1071 буюу 7.9 хувьд цагдан хорих, үлдсэн 90.2-92.1 хувьд нь хуульд заасан бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Мөрдөгчөөс ирүүлсэн цагдан хорих санал бүрийг прокурор хүлээж авдаггүй. Өөрөөр хэлбэл, цагдан хорих шаардлагагүй байхад үндэслэлгүй санал гаргасан байна гэж прокурор дүгнэж байгаа нь хүнийг үндэслэлгүйгээр цагдан хорихоос урьдчилан сэргийлсэн арга хэмжээ. Мөн  гэмт хэргийн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан гэдэг нь цаанаа мөн л хүнийг үндэслэлгүйгээр шалгахаас татгалзсан гэсэн үг. Долоо хоногт дунджаар 300 хэрэг шүүхэд шилжүүллээ гэдэг нь цаанаа багадаа 400 хохирогчийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх шийдвэр гаргажээ гэдэг талаас нь хараасай гэж хүсдэг. Өөрөөр хэлбэл, хэрэг болгоны цаана хохирсон хүн байгаа гэж ойлгож болно.

-Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа заавал прокуророос зөвшөөрөл авах нь хэр оновчтой юм бол. Зарим зөвшөөрлийг шүүхээс авах нь хүний эрхийг илүү хамгаалж чадна гэсэн хандлага байна. Энэ талаар та юу гэж бодож байна? 

-Баривчлах, цагдан хорих, улсын хилээр нэвтрэх гэх мэт хүний эрхийг хязгаарлаж буй зөвшөөрлийг шүүхээс авч байгаа. Харин үзлэг нэгжлэг хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах гэх мэт гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, гэм буруутай эсэхийг тогтоох үүднээс хийгдэж буй тодорхой ажиллагааны зөвшөөрлийг шүүхээс авснаар мөрдөн шалгах ажиллагаанд буюу нотлох баримт цуглуулах ажиллагаанд шүүх оролцоно гэсэн үг. Ийнхүү хуульчлах нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимтай нийцэхгүй. Учир нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд прокурор хяналт тавьж, шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэнэ гэж тусгасныг анхаарах ёстой. Тодруулж хэлбэл, Үндсэн хуульд заасан прокурорын “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд прокурор хяналт тавих” чиг үүргийг шүүх хэрэгжүүлээд эхэлнэ гэсэн үг.

-Шүүхийн өмнө хүлээх улсын яллагчийн үүрэг юу вэ?

-Ер нь бол  мөрдөн шалгах ажиллагааг явуулах зөвшөөрөл өгч буй шүүгч нь эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэгтэй урьдчилан танилцаж, явц байдал, үр дүнг хянаад дараа нь энэ хэргээ шүүхэд ирэхээр нь хянан шийдвэрлэнэ гэдэг нь урьдчилаад тухайн хэргийн талаар дүгнэлт гаргана. Цаашлаад шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн Үндсэн хуулийн зарчимтай зөрчилдөнө. Нөгөөтэйгүүр эрүүгийн хэргийг хэн үйлдсэн бэ гэдгийг нотлох үүргийг улсын яллагч шүүхийн өмнө хүлээдэг. Гэтэл уг хэргийг нотлох ажиллагаанд оролцсон шүүх, шүүгч тухайн баримтыг яаж үнэлэх талаараа урьдчилаад төсөөлөлтэй болсон нь шүүх аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр сууринаас хандах зарчимд нийцэх эсэх гэх мэт олон асуудлыг дагуулах болно.

Нэг зүйлийг төгсгөлд нь хэлэхэд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах зөвшөөрөл нь өмгөөлөх талын оролцоогүй явагддаг тул шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит байдлыг тогтооно гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимтай ч агуулгын хувьд нийцэхгүй юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
батаа(66.181.176.237) 2021 оны 12 сарын 28

маш зөв ярьжээ. Мундаг прокурор

1  |  0
Иргэн:(66.181.177.109) 2021 оны 12 сарын 28

ёс суртахууны хэм хэмжээ зөрчигдсөн үү?

0  |  0
Иргэн:(66.181.177.109) 2021 оны 12 сарын 28

Прокурор хэрэг бүртгэлд зөвшөөрөл олгохдог нь цөөн бус дхоиолдолд гэмт хэргийг ”хаацайлан, хамгаалах” нөхцлийг бий болгож байгаагийн зэрэгцээ зарим хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүхиг орлож хохирогчдыг хохироосоор байгааг ч засах шаардлагатай сангдана. Энэ нь хяналтын үүргээ орхигдуулахад нөлөөлөж байж болзошгүй санагдана.

0  |  1
Top