ТААМАГ: Зэсийн ханш ирэх онд бага зэрэг буурна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 03

Зэсийн үнэ 2021 онд тонн нь 10476 ам.доллар болж дээд амжилт тогтоосон. Зэсийн томоохон үйлдвэрлэгч болох Чили, Перу дахь тасалдал, Байдены засаг захиргааны дэд бүтцийн төлөвлөгөө нь дэлхийн ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой шар металлын үнийг өсгөхөд чухал нөлөө үзүүлсэн. БНХАУ жил бүр 14 сая тонн зэс хэрэглэдэг бөгөөд тус улсын хэрэглээ дэлхийн бусад бүх  орныг  нийлүүлснээс ч илүү юм.

“Wood Mackenzie”-гийн судлаач Ник Пикенс “Африк болон бусад оронд Хятадын эзэмшиж буй 30 орчим уурхайн үйлдвэрлэж буй зэсийн  баяжмал тус улсын хэрэглээний 40 хувийг хангаж байгаа бөгөөд БНХАУ-ын импорт жил бүр шинэ дээд амжилт тогтоосоор байна. Түүнчлэн 2010 оноос хойш Хятадын  дэлхийн уул уурхайн төслүүдэд оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 16 тэрбум гаруй ам.доллар болсон” хэмээжээ.

Харин ирэх жил Хятадын нийлүүлэлт нэмэгдэж, эрэлт багассанаар зэсийн үнэ буурах төлөвтэй байна. Хятадын  эрэлтийн өсөлт удааширснаас гадна Перу дахь “Anglo American” компанийн “Quellaveco” уурхайн нийлүүлэлт нэмэгдэхээр байгаа аж. Гэхдээ  "Зэсийн урт хугацааны хэтийн төлөв өсөх хандлагатай хэвээр байгаа бөгөөд зах зээл энэ жилтэй харьцуулахад ирэх жил харьцангуй зогсонги байдалд орох төлөвтэй байна" гэж “Refinitiv”-ийн үндсэн металлын ахлах шинжээч Карен Нортон онцолсон байна. Олон улсын зэсийн судалгааны групп ирэх жил зэсийн зах зээл 328 мянган тоннын илүүдэлтэй байх төлөвтэй байгаа тухай тайландаа мөн онцолсон байсан. Харин “Bank of America”-ийн тооцоолсноор ирэх онд зэсийн эрэлт тогтвортой байх төлөвтэй байгаа бөгөөд 2023 оноос шар металлын эрэлт өсөхөөр байгаа аж. Ирэх онд зэсийн ханш тонн нь дунджаар 8375 ам.доллар байх бол 2023 онд 9813 ам.доллар байна гэсэн таамгийг тус банкныхан дэвшүүлж байна. Ерөнхийдөө түүхий эдийн зах зээлийн шинжээчид зэсийн ханш ирэх онд бага зэрэг буурах төлөвийг танилцуулаад байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын “Liberum” банк ирэх онд зэсийн ханш тонн тутамд 7800 ам.доллар байна гэж тооцсон бол “Standard Chartered” банк 9150 ам.долларт хэлбэлзэнэ гэх таамгийг дэвшүүлсэн байна.

Германы “Commerzbank”-ны шинжээчид 2022 онд зэсийн үнэ өнөөгийн 9500 ам.долларын ханшаа хадгална гэж таамаглажээ. Нүүрстөрөгчгүйжүүлэх хүчин чармайлтаас үүдэн зэсийн эрэлт нэмэгдэж, ирэх онд 25 сая тоннын нөөцтэй шар металлын  зах зээлийн нийт эрэлтийн 40 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлнэ гэж “JPMorgan” мөн таамаглаж байна. Эрчим хүчний шилжилтийн үеийн зэсийн нийт хэрэгцээ энэ онд 1.8 сая тонн байсан бол 2025 он гэхэд гурван сая гаруй тоннд хүрнэ гэж “JPMorgan”-ы шинжээчид үзэж байгаа юм. Түүнчлэн Ирэх оны эхний хагаст дэлхийн дахинд инфляцын өсөлт гаарах таамгийг эдийн засагчид дэвшүүлэх болсон. Тухайлбал, OECD-ийн шинжээчид ирэх сард дэлхийн олон оронд инфляц оргил түвшинд хүрч, аажмаар буурсаар, оны хоёрдугаар хагаст өнөөгийн түвшинд ирнэ гэж тооцсон байна. Үүнд Омикрон хувилбарын тархалт болон дахин илүү аюултай мутац гарч ирэх асуудал нөлөөлөх нь гарцаагүй гэнэ. ОУВС-гийн эдийн засагчид 2022 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 4.9 хувьд хүрэх таамгийг дэвшүүлсэн.

“Morgan Stanley” банк 4.7 хувь, “Fitch” агентлаг 4.2 хувь, Дэлхийн банк 3.9 хувь гэж таамаглажээ. Түүнчлэн криптовалютын хөрөнгө оруулагчид ирэх оныг тийм ч таатай угтахгүй байж мэдэхээр байгаа юм. Учир нь маш олон мэргэжилтэн огцом савладаг онцлогтой зах зээлд 2022 онд том хямрал үүсэж болзошгүй гэх таамгийг дэвшүүлжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top