Далай Чойнхор вангийн хошууны дархчуудын ЗУУН ДАМЖСАН БҮТЭЭЛҮҮД

2022 оны 01 сарын 05

Монголын үндэсний музейд өчигдөр "Сайн Ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны бурхны шашны модон эдлэл, соёлын дээжис" үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнг “Мандала” төрийн бус байгууллагын тэргүүн С.Батбаяр санаачлан ШУА-ийн Түүх угсаатны зүй судлалын хүрээлэн, Монголын үндэсний музейтэй хамтран гаргаж байгаа бөгөөд нийт тав хоног үргэлжилэх юм байна.

Нээлтийн үйл ажиллагаанд ШУА-ийн Түүх, угсаатны зүй судлалын хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж, “Мандала” бурхан шашин соёлын төвийн тэргүүн С.Батбаяр, “Чингис хаан” одонт СГЗ яруу найрагч Г.Мэнд-Ооёо зэрэг хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирсэн байсан юм. Энэ үеэр Дашчойлон хийдийн лам нар Мандал өргөж, Дэлхийн ардын урлагийн их наадмын тэргүүн шагналт, төрийн их ерөөлч, магтаалч Г.Ягваан “Хангай ханы магтаал” хайлсан.

Учир нь Далай Чойнхор вангийн хошуунд Хангайн нуруунаас их аван урсдаг Идэрийн голын эргэн тойрны сав газар буюу одоогийн Архангай аймгийн Тариат, Цахир, Хангай, Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Шинэ-Идэр сумын өмнөд хэсэг, Завхан аймгийн Идэр сумын хоёр шавийн газар нутаг, Тосонцэнгэл, Их-Уул сумын өмнөд хэсгийг хамарсан газар багтдаг билээ. Өнгөрсөн оны арванхоёр дугаар сарын 20-ны өдөр Далай Чойнхор ван Гэмпэлдоржийн Цэдэнсономын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан “Далай Чойнхор вангийн түүх соёлын асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байсан юм.

Харин энэ удаад энэхүү ажлын үргэлжлэл болгон тус хошууны урчуудын модон эдлэлийн үзэсгэлэнг дэлгэсэн нь энэ аж. Үзэсгэлэнд тус хошууны уран гартай дархчууд, урчуудын билэг оюунаа шингээж, модоор урлан хийсэн 200 гаруй бүтээлийг дэлгэн тавьжээ.

Ихэнх бүтээлүүдийг нь “Бурханы мод” буюу мөнх ногоон хуш модоор хийсэн байна. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь XIX зууны сүүлч, XX зууны эхэн үед хамаараh бөгөөд сэтэрт мал, цагаан өвгөн, бурхан тахил, модон бар, судрын шогол, даллаганы сум, хайрцаг гэсэн зургаан хэсэгт бүлэглэн хуваасан байлаа. Эдгээр бүтээлүүдийг цуглуулагч С.Батбаяр сүүлийн 30 жилийн туршид цуглуулсан гэнэ. Өөрт нь яг иймэрхүү модон бүтээл 600 гаруй байгаагаас энэ удаад 200 гаруйг нь шилж, үзэгч түмэндээ өргөн барьсан нь энэ ажээ. 

Далай Чойнхор вангийн хошуу нь эрт дээр үеэсээ уран дархчуудаараа алдартай байсан бөгөөд ялангуяа Г.Цэдэнсономын үед төмөр, гангийн уран дарханаараа Халх даяар нэр нь цуурайтаж байсан гэдэг. Гэвч тус хошууны уран дархчууд модоор ч гэсэн гайхамшгийг урлаж байсныг үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд, удам дамжиж ирсэн эдлэлүүд бэлээхэн нотолж байна. Бурханы шашны урлахуйн ухаан ихэд дэг жаягтай байдаг гэнэ.

Сорогшин буюу овооны гол мод, шүтээн болгон залах гэж буй зүйлээ хийхийн тулд эхлээд газар усаа шинжиж, авах модондоо тэмдэг тавиад зүүдээ манаж шинжихээс эхлээд олон дэгтэй аж. Ингээд сонгосон модоо авч ирэхдээ ургахдаа олсон зүгийг нь алдуулалгүйгээр, үзүүр толгойг нь солилгүйгээр хийдэг юм байна. Модны үндэс, ур, залуу модоор ихэвчлэн бурханы шашны модон эдлэлүүдийг хийдэг учраас олон жилийн эдэлгээг даадаг.

Мөн дархан хүн тухайн модны үндэс, урны байгалийн өөрийнх нь хэв маяг, бүтцийг нь ашиглан юу хийхээ бодож олдог байж. Олон жилийн эдэлгээ дааж байгаагийн бас нэгэн нууц нь давирхайг нь хэрхэн сугалснаас болдог байна. Тухайн модны давирхайг бүрэн авах, хагас авахаас олон зүйл шалтгаалдаг. Хатуу модоор эд, эдлэл хийх гэж байгаа бол давирхайг нь бүрэн авдаг гэнэ. Харин хуш, гацуур, нарс, хус зэрэг зөөлөн модоор урлал хийж бүтээхэд маш сайхан болдог гэдгийг бурханы шашны урлахуйн ухааны мастер Б.Сүхбаатар хэлж байсан. Тэрээр Далай Чойнхор вангийн хошууны хүн бөгөөд түүний өвөө нь нутаг олондоо “Уран” Ламжав хэмээн алдаршсан халтар арвайгаар арслан сийлж байсан хүн байжээ. “Уран” хэмээх Ламжав гуай л гэхэд урлалаа хийхдээ тусгайлан гэр бариулж, цагаан хоол идэж, тухайн гэрээсээ гаралгүйгээр уран бүтээлээ хийж дуусгадаг байсан гэнэ.

Ер нь бурхан, шашин номтой холбоотой зүйлсийг бүтээхдээ цагаан хоол идэж, хэд хоногийн мацаг барьж бие сэтгэлээ бэлддэг байна. Ингээд хэд хоног зүүд, явдал мөрөө шинжиж, сайн өдрийн сайн цагийг сонгон урлалаа эхэлдэг. Харин нэг бүтээл эхлүүлсэн бол тухайн урлаач маань өөр зүйлд сатааралгүй байсаар дуусгах ёстой гэнэ. Түүнээс биш босон суун, ажлынхаа заваар хийгээд байдаг уран бүтээл биш гэдгийг үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолж байсан юм.  

Үзэсгэлэнгийн танхимын үүдэнд эд баялаг, эрүүл мэндийг бэлгэддэг ганзай буюу Их Хужиртын хүрээний ганзайг байрлуулжээ. Ганзай гэдэг нь Монголоор “Хангагч эрдэнэ” буюу бурхадад өргөдөг өргөлийг хэлдэг бөгөөд Хангал догшин сахиус бурхадад өргөдөг бүх зүйлийг байрлуулаад, дараа нь тэрхүү сахиусаа урин залдаг байна. Улмаар сэтэрт мал буюу таван хошуу мал, цагаан арслан, “Буяны аргамжаа” хэмээх заан сахиусыг эгнүүлэн тавьжээ. Үүний дараа Далай Чойнхор вангийн хошууны Шүнгийн савыг залсан байна. Тус Шүнгийн савыг хаврын тэргүүн сарын шинийн 15, намар цагт тус бүр нэг удаа гаргаж Жасаа хуруулахдаа хэрэглэдэг байжээ.

Тус хошууны урчууд бурхан шашны зан үйлд Цагаан өвгөнийг лустай, эвтэй дөрвөн амьтантай, амьдралын хэвийн байдлаар нийтлэг дүрсэлдэг байсан бөгөөд ихэнхдээ хуш, хус, агар, зандан модоор хийж байсан байна. Хошуу ноён “Хөндлөн ван” Гэмпилдоржид /1845-1894/ уран Магалжав хэмээх хүн бэлэглэсэн “Данзан тойн багшийн дүр”-ийг залжээ. Сонирхолтой нь ингэж бэлэглэхдээ монгол бичгээр “Хөндлөн ван танд Данзан тойн багш таны лагшин дүрийг өргөвэй. Өчүүхэн шавь Магалжав нь. Морин жилийн зуны эхэн сарын шинийн 14-ний өдөр” хэмээн бичжээ. Ингэж нэр устай, тодорхой баримттай зүйл байгаа нь тал талын судалгаанд томоохон ач тустай гэдгийг судлаачид онцлон тэмдэглэж, ховор нандин эдлэл хэмээж байлаа. Бурхадын хэсэгт Шумуултай хүрээний шүтээн сахиус болох Балданлхам сахиус, найман Намсрайн нэгэн дүр, Хөнжилийн дуганы шүтээн сайхан Гомбо бурхан, Дамдин Чойжоо сахиус зэрэг олон бурхадын дүрийг байрлуулсан байна.

Мөн үзэсгэлэнгийн гол танхимын хойморт Богд зонхов, Бурхан багш, ловон Бадамжунай нарын модоор урласан сэрэг дүрийг байрлуулж, тус бүрийн өмнө зул бадамлуулсан байсан юм. Энэ дунд нэлээд олон тооны модон бар үзэгч олны анхаарлыг татсан үзмэр байлаа. Тэдгээрийн дотор Маанийн үсгийн, балингийн, Энэтхэгийн 84 шидтэний судрын, муу заяанаас гэтэлгэгч тарнийн, насны гурван бурханы, Богд Зонховын барыг эгнүүлэн тавьсан байна. Эдгээрийг хуш болон хус модоор хийсэн бөгөөд зуу илүү жилийн настай эд зүйлс ажээ.

Дархан хүний бурхан ухааны үрээр бий болж, зуун дамжин өртөөлсөн их өв соёлынхоо нэгээхэн хэсэгтэй танилцах, судлах боломж олгож буйгаараа энэхүү үзэсгэлэн нэн онцлог. Хэдийгээр ганцхан хошууны уран дархчуудын хийсэн шашин номын бүтээл, өв соёлыг дэглэн үзүүлж байгаа мэт боловч тухайн цаг үеийн монгол урчуудын уран сэтгэмж, урлал зүйн чадварын түвшинг харж болно гэдгийг цуглуулагч С.Батбаяр хэлж байсныг энд дурдах нь зүйтэй.

Хэдийгээр ган төмөр, хад чулууг бодвол мод нь эдэлгээ даах чадвараар муу мэт боловч урлаж буй хүний чадвар, итгэл бишрэл нэгдэн нийлэхээрээ ямархан уран, бат бөх, он цагийг элээсэн үнэ цэнтэй бүтээл болж болдогийг энэхүү үзэсгэлэнгээс харж, мэдэрч болохоор байна.

Т.ХӨВСГӨЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top