Хөрсөн дээр буусан монгол зомби хөгөө чирсэнгүй

2022 оны 01 сарын 09

Цар тахал дэлхий дахинаа тархсанаас хойш сүүлийн хоёр жилийн гол сэдэв болоод байгаа билээ. Үүнийг даган урлаг соёл, тэр дундаа кино урлагийн салбарт ч тодорхой хэмжээнд нөлөөлж буй. Халдвараас сэргийлэх вакцин хүн төрөлхтөнд сөргөөр нөлөөлөх, шинэ төрлийн цар тахал гарах, зомби болж хувирах гэх мэт кино бүтээлүүд төрсөөр. Цар тахал кино урлагийн салбарыг зомбитой киноны эрин үе рүү шилжүүлсэн гэхэд буруудахгүй. Цаг үеэ дагаад ч тэр үү монголын кино урлагийн салбарт ч зомбитой кино энэ сарын 1-нд өдөр нээлтээ хийсэн билээ.

Юуны өмнө киноны талаар товчхон өгүүлье. Инээдмийн, аймшгийн, адал явдалт төрлийн энэхүү кино нь нийт 90 минут үргэлжилдэг. Ч.Билгүүн, О.Цэнд-Аюуш, С.Баттулга болон З.Анхбаяр нарын зохиолыг Б.Отгонзориг найруулан олны хүртээл болгосон юм. Өөрийн хуриманд ааваа урихыг хүссэн Дээгий гэх бүсгүй монголд ирснээр киноны үйл явдал эхэлнэ.

Тэрбээр нэгэн аяллын компани хөлсөлж Нараа болон Маралаа гэх хоёр найзын хамт хөдөө амьдрах аавыгаа зорьдог. Хачирхалтай шалтгааны улмаас тухайн нутагт хүмүүс зомби болж хувирна. Тэд зомбитой хэрхэн тэмцэх талаар энэхүү кинонд өгүүлдэг. Аяллын компанийн хөтчөөр Авьяаслаг монголчууд шоуны ялагч О.Энх-Эрдэнэ болон комедиан Б.Идэр-Од нар тоглосон. Уг киног бүтээхэд 140 уран бүтээлч долоон сарын хугацааг зарцуулсан байна. Ингэхдээ хөдөө нутагт хоёр сарын хугацаанд зураг авчээ. Кино зохиолын хувьд 3-4 жилийн өмнө хэдийн бичсэн зохиол байсан аж.

Нэг ёсондоо монгол зомбитой кино гэдэг бидний санаанд дүрслэгдэж, хөрсөнд буухад хэцүү. Энэ бол бусад томоохон улс, тэр дундаа барууны улсуудын кино ертөнцөд дүрслэгдэх боломжтой зүйл байлаа. Азиуд зомбитой төрлийн кино бүтээл туурвих нь өдрийн од л байсан юм. Соёлын ялгаа гэдэг ийм байдлаар илрэх нь бий. Харин Өмнөд Солонгос улс зомбитой киноны зах зээлд тэсрэлт хийсэн нь Азийн бусад улсад энэ төрлийн киног туурвих суурь болж өгсөн юм.

Тухайлбал, Бусан хүрэх галт тэрэг/Train to Busan/, Амьд/Alive/, Аз жаргал/Happiness/, Хар нүх/Black hole/ гэх мэт. Үүний сүүдэр ч манай улсад туссан нь Тал нутгийн зомби кино байв. Монгол нутагт, монгол зомбиг харах ямар санагдах бол. Ресидент эвил киног дуурайсан 2009 онд гарсан Цахирмаа гэх кино монголдоо анхдагч зөгнөлт кино байсан билээ. Оролдлого нь сайн ч уг киноны найруулга, үйл явдал болон комьпютер график тааруу байсан юм. Магадгүй Тал нутгийн зомби бүтээл ч түүний араас орсон тааруу бүтээл байх вий гэх эргэлзээ төрснийг үгүйсгэхгүй. Тиймээс энэхүү бүтээлийн онцлох болон дутагдалтай хэд хэдэн зүйлийг дурдав.

 

ОНЦЛОХ ГУРВАН ЗҮЙЛ

 

1. Монгол зомби

Зомбиг хөрсөнд буулган гэдэг соёлын ялгаанаас үүдэлтэйгээр ихээхэн чамлалт шаардах зүйл. Гэвч зомби болон хувирах үйл явц, нүүр будалт, хөдөлгөөн зэрэг нь сайн байсныг онцлох хэрэгтэй. Дэлхийн дайн/World war Z/, Амьд үхдэлүүд/The Walking dead/ кинонуудын адил хурдан хөдөлгөөнтэй зомби харах нь киног амьдруулсан гэхэд болно. Тиймээс ч киног үзэх сонирхлыг өдөөж байв. Монгол зомби бусад орны зомбиноос хэрхэн ялгарч болохыг зөвхөн энэ киноноос л харах боломжтой.

2. Тунг нь тааруулсан бүтээл

Ямарваа нэгэн бүтээлийн тунг нь тааруулна гэдэг монгол кинонд дутагдалтай байдаг. Тэр тусмаа хаа хамаагүй хашгичих, орилох, уйлах, уйлуулах арга ашиглах, нуршуу текстээс болж инээдмийн мөчийг устгах гэх мэт. Тэгвэл энэ кинонд хөнгөн байдлаар киноны төрлүүдийн тунг тааруулсан нь үзэхэд хүндрэлгүй болгож байлаа. Гадаадын Зомбиланд/Zombieland/ кинотой зүйрлэж болохуйц юм.

3. Киноны трэйлер

Монгол киноны трэйлер киноны гол үйл явдлаа бүгдийг нь гаргаж, сүртэй эхлэл, удаашруулсан өрнөл, уналт, хэн нэгний өндөр өнгөөр хэлэх өгүүлбэр болон төгсгөлийн уйлах үзэгдлийг заавал дүрсэлдэг. Тиймээс ч тухайн киног үзэх эсэхийг трэйлерээс шийдэх тун ч амархан. Харин Тал нутгийн зомби киноны трэйлер шинэ түвшинд байсныг онцолмоор байна. Учир битүүлэг, час хийсэн сонирхолтой хэсгээс багахан дүрслээд зогсохгүй хоёр минутын трэйлерийн турш уйдаахгүй байгаа явдал нь энэ киног үзэх сэдлийг хангалттай төрүүлсэн юм.

 

ДУТАГДАЛТАЙ ГУРВАН ЗҮЙЛ

 

1. Киноны төгсгөлийн эцэг охины хэсэг

Киноны төгсгөл дэх энэ хэсэг зарим хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн байж магадгүй юм. Харамсалтай нь инээдмийн төрлийн зомбитой кинонд уянгын хэсэг хүчээр шахаж оруулсан мэт оновчгүй санагдсан. Энэ хэсэг зомбитой кино сонирхогчдын хувьд гадаад бүтээлийг дуурайсан мэт харагдах магадлалтай. Тэр тусмаа Бусан хүрэх галт тэрэг киноны төгсгөл хэсэг мэт. Хэдийгээр жаргалтай төгсгөл хүсээгүй ч гэлээ хэт уянгын хэсгийг оруулсан нь киноны төгсгөлийг уналтад оруулжээ.

2. Орон гаран жүжиглэлт

Дахин хэлэхэд зомбины дүрд жүжигчид үнэхээр сайн жүжиглэсэн. Харин гол дүрүүдийн хувьд хангалттай жүжиглэлт байсангүй. Жүжигчид дүрээ амьдруулахдаа орон гаран жүжиглэж байсан явдал киног уйтгартай, энгийн влог үзэж байгаа мэт санагдуулж байв. Энэ нь кино үзэх эрч хүчийг унтрааж байсан юм. Гол дүрд тоглосон Б.Сансармаагийн жүжиглэлтийг дурдаж болно. Дээгий бүсгүйн дүр түүнд төдийлөн тохироогүй мэт. Харин эсрэгээрээ Б.Батмаад дайчин, тулаанч төрлийн дүр илүүтэй тохироод зогсохгүй энэ кино ч бүхэлдээ түүнийх мэт л байсан юм.

3. Уйтгартай нуршуу зангилаа

Өрнөл буюу бидний хэлдгээр гол үйл явдал эхлэхийн өмнө хэтэрхий урт, уйтгартай нуршуу зангилаа өрнөдөг. Онц гойд сонирхол татах зүйлгүй зангилаа хэсэг 90 минутын кинонд хэтэрхий урт хугацааг эзэлсэн юм шиг санагдсан. Залхмаар бас анхаарал гүйцэд татаж чадахааргүй сул хэсгүүд эхлэл хэсэгт нэлээдгүй байлаа.

Энэхүү киноны хоёрдугаар анги гарах нь ч тодорхой болов уу. Учир нь бяцхан охины ярианд дүрсэлсэн зомби киноны туршид гараагүй. Дараагийн ангид зориулж багахан төрлийн дохио, сануулгыг цухуйлгасан төдий. Мөн нэмж хэлэхэд Марвелийн бүтээлүүд шиг оролцон тоглогчдын нэрс урсаж дууссаны дараа кредит сцен гарна. Энэ нь дараагийн ангитай холбоотой богино хэмжээний киноны хэсэг юм.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.173) 2022 оны 01 сарын 10

Одоо энэ их алаан хядаан, зодоонтой кино маягийн юм хийхээ больмоор юм. Өөр сэдэв алга уу? Хоцрогдсон тэнэг кино хийгээд байх юм

0  |  0
eee(77.4.4.160) 2022 оны 01 сарын 09

zuger hog heden salbadainud guilded bdga yun jujigleh urlag ene ter...gutmar kino yalguya ter onigor nudtei tsarai mutai zalu zail da

0  |  0
eee(77.4.4.160) 2022 оны 01 сарын 09

zuger hog heden salbadainud guilded bdga yun jujigleh urlag ene ter...gutmar kino yalguya ter onigor nudtei tsarai mutai zalu zail da

0  |  0
Zochin(192.82.75.156) 2024 оны 01 сарын 05

Зурагийг нь харахаас өөдтэй кино биш байнаа

0  |  1
u(192.82.71.225) 2024 оны 01 сарын 05

shal tenwg kino bn lee dyndaas ni garsan

0  |  1
Иргэн(202.9.46.21) 2024 оны 01 сарын 05

ХҮМҮҮС ЭЭ ЭНЭ КИНОГ БИТГИЙ ҮЗЭЖ ЦАГ ЗАВАА ҮРЭЭРЭЙ , ШАЛ ТЭНЭГ КИНО БАЙНА ЛЭЭ

3  |  1
Zakhialgin setguulch(64.119.23.18) 2024 оны 01 сарын 05

Ene kino uy tee ???????? Iim kino bdaggui uymaaa batsaanuudaa bitgii khudlaa zalhilagaar magtaj bicheed khun amitand urialaad bai

1  |  1
ha(192.82.85.151) 2024 оны 01 сарын 05

hshs

0  |  1
Top