МХБХ-ны ажлын хэсэг Дундговь аймагт ажиллав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 07

Монголын хөл бөмбөгийн холбоо (МХБХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар Дундговь аймагт ажиллаж, хөл бөмбөгийн спортыг тус аймагт хөгжүүлэх, хамтран ажиллах "Санамж бичиг" байгуулав.

Тэрээр аймгийн хөл бөмбөгийн холбооны үйл ажиллагаатай танилцаж, аймгийн удирдлагуудтай энэхүү спортыг хөгжүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллах санамж бичиг байгуулан, “Мандалговь” хөл бөмбөгийн клубийн гишүүдтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр “Мандалговь” хөл бөмбөгийн клубийн гишүүд үйл ажиллагаагаа танилцуулсан.

Энэ үеэр МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар хэлсэн үгэндээ “МХБХ 52 гишүүнтэй, нэг гишүүн байгууллага маань Дундговь аймгийн Хөл бөмбөгийн холбоо юм.

Дундговь аймагт өчигдрөөс ажиллаж, аймгийн Хөл бөмбөгийн холбооны үйл ажиллагаатай танилцлаа. Цаашдаа хэрхэн ажиллах талаар зөвлөгөө өглөө.

МХБХ бол Олон улсын болон Азийн хөл бөмбөгийн холбооны гишүүн байгууллага. Тиймээс хууль, дүрэм журмаа ягштал мөрддөг. Энэнтэй адилхан МХБХ-ны гишүүн байгууллагуудыг ч гэсэн дүрэм журмаа мөрддөг байхыг шаарддаг, хяналт тавьдаг.

МХБХ-ны гишүүн байгууллагууд нь дүрмийн дагуу дөрвөн жил тутамд нэг удаа эрх барих дээд байгууллагаа сонгох үүрэгтэй. Дундговь аймгийн хөлбөмбөгийн холбоо нь 3-р сарын 1-ийн өдрийн дотор аймгийн хөл бөмбөгийн холбооны Их хуралаа нээлттэйгээр зохион байгуулж, МХБХ-ны дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулахаар боллоо.

Мандалговь клуб бол аймгийн Хөл бөмбөгийн холбооны гишүүн байгууллага байх ёстой. Тиймээс дүрмээрээ ингэж хамтарч ажиллаарай. Аймгийн удирдлагуудын зүгээс хөл бөмбөгийн энэ спортыг дэмжиж байгаа нь маш сайн давуу тал болж байна.

Цаашдаа стандарт хэмжээтэй талбайтай болох байх. Манай холбоо зохион байгуулагч, дасгалжуулагч, шүүгч нарыг бэлтгэх зэргээр мэргэжлийн тал дээр туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Хамгийн гол нь аймгийн холбоо идэвхтэй ажиллах хэрэгтэй.

Гэрэл гэгээ, сайхан ирээдүй ойрхон харагдаж байна” гээд Дундговь аймагт хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллацгаая хэмээн уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top