Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал өчигдөр (2022.01.08) болж, танхимаар 37 гишүүн, цахимаар 4 гишүүн оролцож, 41 гишүүн буюу 61 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Хурлыг Цэцдийн зөвлөлийн дарга дархан аварга Г.Өсөхбаяр, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав нар удирдаж, тооллогын комиссын даргаар улсын начин Р.Цоггэрэл, гишүүдээр улсын начин А.Хатансайхан, аймгийн арслан С.Ерөөлт нар ажиллав.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.
1. Барилдааны дүрмийн зарим заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахыг тодорхой хугацаагаар хойшлуулах,
2. Удааширсан барилдаанд хөлийн цэц болон засуулуудын дүрэмд заасан эрх үүргийг бүрэн хэрэгжүүлж ажиллах,
3. Зөрчилтэй өмсгөлийг 2022 оны гуравдугаар сарын 15-ны дотор арилгахыг бөхчүүдэд үүрэг болгох, (Үүнд, давхар ширсэн, зодогны ирмэгээр мяндсан утас гүйлгэж оёсон, нарийн элэг бүс бас шуудагны уяа гэх мэт)
4. Барилдааны дүрэмд оруулсан шаардлагад нийцсэн байх (Үүнд, Бөхийн зодог. Зодогны ширээс нь 17 эгнээ буюу 8.0 см-ээс илүүгүй байна. Ханцуйг гурав бөгжилж ширэхийг зөвшөөрнө. Ингэхдээ их биеийн дээд ширээснээс 3.0 см зайтай байна. Ширээсний өргөн нь 5 эгнээнээс хэтрэхгүй. Зодогны элэг бүсийг мяндас, хөвөн утас, хадгаар бөөрөнхийлөн сүлжиж, 1.5 см-ээс багагүй голчтой хийнэ. Зодгонд өөр нэмэлт ширээс хийх, үндсэн ширээсийн дундуур давхар ширээс хийх, дотор талд нь утас зангидах, өнгө дотрын хооронд хатуулга хийхгүй. Бөхийн шуудаг: Шуудаг таван ширээстэй байна. Гуяны арын ухлаадас нь өгзөгний махыг таллаж дарсан байна. Уяаны зай нь ширээснээсээ 1.5 см-ээс багагүй зайтай байна. Шуудагны ар ба өвөр талд нь босоо ширээс гаргахыг зөвшөөрнө. Шуудагны уяа гаргах нүхийг савхи буюу илгээр хийж бөхөлж болно. Шуудагны дээд, доод уяаг элэг бүсийн адил зөөлөн эдээр гурваар сүлжин хийх бөгөөд ерөнхий голч нь 1.5 см-ээс багагүй байна).
Бөхчүүд зодог шуудгаа 2022 оны зургаадугаар сарын 15 гэхэд бүрэн бэлдэж, бүх төрлийн барилдаанд оролцоно.
5. Өмсгөлийг шалгах комиссын гишүүнээр
6. Өмсгөлийн стандарт шалгах журмыг хавсралтаар баталж, мөрдүүлэхийг МҮБХ-ны ажлын албанд даалгав.
7. Хурлаар хэлэлцэх бусад асуудлаар Цэцдийн зөвлөлийн гишүүдийн саналыг сонсож, МҮБХ-ны удирдлагууд тодорхой асуултуудад хариулж, мөн зохих мэдээллийг өглөө.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 0 )