Эрээнд төвлөрсөн ачааг яаралтай татах асуудлаар Хятадын талтай уулзав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 09

БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийх замаар харилцан нааштайгаар шийдвэрлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохион байгуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зорилготой тус Ажлын хэсгийн ахлагч, Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2022.01.09) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 196 тоот захирамж нэгдүгээр сарын 5-ны өдөр гарсан.

Үүнтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Он бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзан, дэлхийн олон оронд цар тахлын шинэ хувилбар дэгдсэн энэ цаг үед хоёр тал хилийн боомтын үйл ажиллагааг хэрхэн доголдолгүй явуулах талаар санал солилцлоо.

Итгэлт сайн хөршийн хувиар энэхүү эгзэгтэй цаг үед талууд хэн хэндээ аливаа хүндрэл, эрсдэл учруулахгүйгээр хаана хаанаа харилцан ашигтай байхын төлөө бүхий л нөөц боломжоо эрэлхийлж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

Уузалтын эхэнд Шадар сайд Элчин сайд Вэньруйд хандан, "Цар тахлын нөхцөлд Хил гаалийн үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг оруулах гарц орцыг ажлын хэсгийг Засгийн газрын хуралдаанаар байгуулж, миний бие даргалан ажиллах болсон. Тиймээс тантай уулзаж, Эрээн боомтод төвлөрсөн ачаа барааг яаралтай татан авах асуудлаар санал солилцож байна. Мөн яаралтай чингэлэг тээврийн үйл ажиллагааг эхлүүлэх хүсэлтэй байна. Монголын талын бүх бэлтгэл хангагдсан, хилээр орж ирсэн ачаатай чингэлгийг 48 цагийн дотор буцаан гаргана, Цагаан сарын баяр дөхөж байгаа учир таныг эдгээр асуудлыг ӨМӨЗО-ны Ардын засгийн газарт манай асуудлыг уламжилж, дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна. Хоёр улсын хил гааль дээр үүссэн бараа бүтээгдэхүүний татан авалттай холбоотой энэ асуудал шийдвэрлэгдвэл хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд чухал үр дүнтэй зүйл болно" гэдгийг яриандаа онцлов.

Мөн хоёр улсын Засгийн газар хоородын комиссын цахим хурлыг ойрын үед хуралдуулж, хилийн боомтын тоог нэмэгдүүлэх, Замын-Үүд чөлөөт бүсийг нээх бэлтгэл ажлыг эхлүүлэх зэрэг асуудлаар хэлэлцэх хүсэлтэй байгааг Элчин сайдад хэлэв.

Элчин сайд Вэньруй "Таны хүсэлтийг Хятад улсын төрийн байгууллагад уламжлах болно. Замын-Үүд-Эрээний хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар өөрөөс шалтгаалах бүхнээ зориулан ажиллана. Цар тахлын нөхцөлд ажил хэргээ явуулахын тулд ойр ойрхон уулзаж, хил гааль, зам тээвэр зэрэг мэргэжлийн хүмүүсийг цахимаар хуралдуулж, асуудлаа харилцан шийдвэрлэж ажиллах нь зүйтэй гэж бодож байна" гэснээр уулзалт өндөрлөв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Туяа(66.181.189.50) 2022 оны 01 сарын 10

Ашгүй дээ.үр дүнтэй багаасай.

0  |  0
Аагий(202.55.188.99) 2022 оны 01 сарын 10

Хэн хэндээ итгэхгүй, нэгнээ дарамтлах аястай байнга л хилээ хаагаад муухай ааштай авгайн зан гаргаад байвал эртхэн өөр газраас бараа товараа татах авах асуудлаа бодсон дээр байхоо. Хэдэн сайхан ачааны онгоцтой байхад Турк Энэтхэг гээд элдвийн хог үйлдвэрлэх газар зөндөө ш дээ\n

2  |  0
За даа(139.5.217.113) 2022 оны 01 сарын 09

Наад элчин чинь шийдвэрт нөлөөлөх эрхгүй нөхөр. Эрээний захирагчтай уулзаж үзвэл ....

0  |  0
Арир(66.181.161.59) 2022 оны 01 сарын 09

ХЯТАД НАЙДВАРГҮЙ ГЭСЭН МЕССЕЖИЙГ ДЭЛХИЙ ДАХИНД ӨГӨХӨӨР CNN БАРИМТАТ КИНОНЫ БАГ ИРЖ ЯВАА ГЭСЭН .

0  |  0
Top