Филиппин Индонезийн Засгийн газарт хандан нүүрсний экспортод тавьсан хоригоо цуцлахыг уриалсан Азийн гурав дахь улс болж байна. Филиппиний Эрчим хүчний сайд Альфонсо Куси Индонезийн Засгийн газарт хандан хоригоо цуцлахыг уриалж, энэ бодлого нь эрчим хүч үйлдвэрлэх түлшнээс ихээхэн хамааралтай эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэдгийг анхааруулжээ.
Дэлхийн эрчим хүчний нүүрсний хамгийн том экспортлогч Индонезийн төрийн өмчит цахилгаан эрчим хүчний компани PLN дотоодын цахилгаан станцуудад түлшний нөөц буурсныг мэдээлсний дараа буюу энэ сарын 1-нээс эхлэн тус улс нүүрсний экспортоо зогсоосон.
Энэхүү хориг нь нүүрсний үнийг өсгөсөн бөгөөд Япон, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэг зэрэг томоохон худалдан авагчдын хөлөг онгоцнууд хориг цуцлагдахаар нүүрс тээвэрлэхээр Индонезийн нүүрсний гол боомт болох Калимантангийн ойролцоо цуваа үүсгээд байна.
Филиппинээс гадна Япон, Өмнөд Солонгос Индонезийн Засгийн газарт хандан хоригоо цуцлахыг уриалаад байгаа юм. Эрчим хүч үйлдвэрлэхдээ нүүрснээс ихээхэн хамааралтай Филиппин улс нь хэрэгцээнийхээ ихэнхийг Индонезоос, үлдсэнийг нь Австрали, Вьетнамаас авдаг. Харин Австрали болон Вьетнамаас авч буй нүүрс нь Индонезийнхоос арай илүү үнэтэй байдаг аж. Өнгөрсөн онд Филиппин 42.5 сая тонн нүүрс хэрэглэснээс 70 хувийг импортоор авчээ.
Нүүрсээр үйлдвэрлэсэн эрчим хүч нь Филиппиний нийт цахилгааны 60 орчим хувийг эзэлдэг бөгөөд 2021 онд тус улс цахилгаан станцуудаа бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд сард 2.3 сая тонн нүүрс Индонезээс импортоор авахаар байгаа талаар Филиппиний Эрчим хүчний сайд Альфонсо Куси мэдээлжээ. Тус улсын Сенатын эрчим хүчний хороог тэргүүлдэг сенатор Вин Гатчалиан өөр боломжит ханган нийлүүлэгчдийг хайхыг холбогдох албан тушаалтнуудад уриалсан байна.
Индонезийн Далайн хэрэг, хөрөнгө оруулалтын сайд Лухут Бинсар Панджайтан ням гарагт нүүрс олборлогчид болон бусад холбогдох салбарынхантай уулзсан боловч экспортоо сэргээх талаар ямар ч шийдвэр гаргаагүй байна.
Индонезийн Нүүрс олборлолтын нийгэмлэгийн (APBI) гүйцэтгэх захирал Хендра Синадиа “Нүүрсний цахилгаан станц руу тээвэрлэх хөлөг онгоцны хүрэлцээ муу байгаа талаар голчлон хэлэлцсэн. Олон улсын худалдан авагчид Индонезийн эрх баригчид болон олборлогчдын хоорондох хэлэлцүүлгийг анхааралтай ажиглаж байна. Орон нутгийн цахилгаан станцуудад нийлүүлэх байсан нүүрс бараг бүрдсэн. Тиймээс Засгийн газар хоригоо дахин хэлэлцэх шаардлагатай байна” гэжээ.
Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос Индонезийн нүүрсний гол хэрэглэгчид билээ. Тус улс 2021 онд нийт экспортлосон нүүрснийхээ 73 хувийг дээр дурдсан дөрвөн улсад нийлүүлсэн байна. Харин үлдсэн хувийг нь хөрш зэргэлдээ орших Филиппин, Вьетнам зэрэг улс руу экспортложээ.
Индонезийн нүүрсний экспортын орлого сард ойролцоогоор гурван тэрбум ам.доллар байдаг аж. Сард хоёр сая тонн нүүрс импортлодог Япон улс Индонезийн Засгийн газраас өндөр илчлэгтэй нүүрсний экспортод тавьсан хоригоо цуцлахыг хүссэн. Түүнчлэн эрх баригчдад нь хандан нүүрс ачсан таван хөлөг онгоцыг Япон руу явахыг зөвшөөрөхийг хүссэн байна. Харин Индонезийн хамгийн том нүүрс олборлогч “Bumi Resources” Засгийн газраа нүүрсний экспортын хоригоо гэж найдаж байгаагаа дурджээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )