Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны 2022 оны Футзалын улирлын тэмцээн болох 16 хүртэлх насны “Хөвгүүдийн цом”-ын тэмцээн нэгдүгээр сарын 3-нд Футзалын ордонд эхэлж, өнөөдөр (2022.01.11) медалийн төлөөх тоглолтууд явагдлаа.
Тус тэмцээний хүрэл медалийн төлөө А.Алтантуяа дасгалжуулагчтай “Арвис” клуб, А.Жавхлантөгс дасгалжуулагчтай “Шарын Гол” клубтэй тоглож, 4:3-аар хожсоноор хүрэл медалийн эзэд болов.
Харин аваргын алтан медаль, цомын төлөөх тоглолт Ч.Гантөмөр дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн “Дархан Шилүүс” клуб М.Сэргэлэн дасгалжуулагчтай Эрдэнэт хотын “Хангарьд” клубийн хооронд болоход үндсэн цаг 0-0 харьцаатай өндөрлөв.
Ялагчийг торгуулийн цохилтоор шийдвэрлэхэд 4:2-оор “Дархан Шилүүс” клуб хожиж, аваргын цомын эзэмших эрхтэй болсон юм.
Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд МХБХ-ны Зөвлөлийн гишүүн ТЗБХ-ны дарга М.Амарбаясгалан болон ХЗХБХ-ны дарга Б.Гансүх нар хүрэлцэн ирсэнийг дуулгахад таатай байна. Шилдэг тоглогчдод шагналыг нь өгөхөөс өмнө тус тэмцээний аваргын төлөө тоглолтыг шүүн явуулсан шүүгч нарт дурсгалын медалийг гардууллаа.
Футзалын 16 хүртэлх насны цомын тэмцээнд гялалзаж өөрийн ур чадвараараа бусдыгаа манлайлсан шилдэг тоглогчдыг тодруулахад шилдэг хаалгачаар “Хангарьд” клубийн Э.Мөнхтулга, шилдэг тоглогчоор “Дархан Шилүүс” клубийн Д.Төрбадрах, шилдэг довтлогчоор 24 гоолтойгоор “Арвис” клубийн Б.Эрхэмбаяр тус тус тодорч, шилдгүүдэд шагналыг гардуулан өгсөн юм.
Футзалын тэмцээн уралдаанаа удаан хүлээсэн, тэмцээндээ амжилттай оролцсон баг тамирчиддаа баяр хүргэе. Мөн МХБХ-ны тэмцээнүүдэд оролцож байгаа нийт багууддаа амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )