Тун саяхан 45 жилийнхээ ойгоор Оросын хамгийн содон тод хамтлагуудын нэг болох Красная Горка, Монголын folk-rock Алтан ураг хамтлагуудын тоглолтыг "Торго" компанийн тансаг загварын шоугаар чимж зочдоо баярлуулсан Улаанбаатар дахь Русский Дом монгол үзэгчиддээ удаах бэлгээ барих нь ээ!
Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 12-ны оройн 19:00 цагаас РЦНК-д Монгол, Оросын ахан дүүсийг холбох бид бүхний дуртай Оросын сонгодог (Глинка, Чайковский, Рахманинов) романсаас эхлэн "хотын романсууд" болон дэлхийн шилдэг романс, уянгын дуунууд ОХУ-ын Ардын жүжигчин Олег Погудины "Ая дуу биднийг холбоно” тоглолтод эгшиглэх аж.
Олег Погудин нь Царскосельскийн урлагийн шагналт, Оросын Холбооны Улсын Засгийн газрын шагналт, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх соёл, урлагийн Зөвлөлийн гишүүн мөн Бүх Оросын хамгийн том урлагийн наадам болох “Синяя птица” уралдааны шүүгч хүн билээ.
Тэрбээр Орос төдийгүй АНУ, Герман, Франц, Их Британи, Итали, Испани, Португал, Швед, Израил болон бусад олон оронд уран бүтээлийнхээ 20 гаруй тоглолтыг толилуулсан юм. Түүний урын санг тоймловол, 19 дүгээр зууны нэгдүгээр хагасаас 20 дугаар зууны дунд үе хүртэлх 100 орчим жилийн дотор зохиогдсон 500 гаруй романсыг дэлхийн 15 хэлээр дуулжээ.
Москва хийгээд оросын бяцхан хотуудын оршин суугчид, Парис, Берлин хотуудад ч үзэгчид уйлж, инээж, алга ташин хамтдаа дуулж, уярч, өнгөрсөн 25 жилийн хугацаанд түүнийг “Оросын мөнгөн дуу хоолой” хэмээн зүй ёсоор алдаршуулан тоглолтыг нь тэсэн ядан хүлээдэг.
Гайхамшигт хөгжимчдөөс бүрдсэн өөрийн ансамблийн хамт эгшиглэх "Ая дуу биднийг холбоно” тоглолт нь жүжигчний Монголын үзэгчидтэй хийх анхны уулзалт бөгөөд дэлгэцийн цаанаас үзэгчидтэйгээ шууд ярилцах алтан боломжийг олгох сайхан үзвэр болох нь гарцаагүй.
Тоглолт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ аж.
Сэтгэгдэл ( 0 )