"Элит гран при" тэмцээний аваргууд тодорлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 13

"Элит Брэйн" олон улсын шатрын академи болон Монголын спортын корпорацийн хамтран зохион байгуулсан "ЭЛИТ ГРАН ПРИ" тэмцээнд Монголын шилдэг шатарчдын төлөөлөл болох Гавьяат тамирчин, Их мастер Ц.Батчулуун, Их мастер Б.Гүндаваа, Их мастер Г.Мөнхгал, Их мастер С.Билгүүн, Их мастер Д.Батсүрэн, Монгол Улсын аварга, ФМ Б.Баярмандах, Гавьяат тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул, Их мастер А.Энхтуул, Их мастер Ү.Үүрийнтуяа, ОУМ Б.Анхчимэг, ОУМ С.Отгонжаргал, ОУМ Т.Мөнхзул өсвөрийн шатарчдын дэлхийн аварга Д.Мөнхзул, сонирхогчдын дэлхийн аварга Э.Хулан болон ахмад шатарчдын төлөөлөл, Монгол Улсын Төрийн Соёрхолт, математикч, шатрын спортын мастер Р.Энхбат тэргүүтэй 50 шатарчид оролцож, оюунаа уралдууллаа.

Тэмцээн блиц төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд эрэгтэй ангилалд 1-р байрыг "Дагшаахүү" клубын тамирчин, Их мастер Д.Батсүрэн, 2-р байрыг "Их заргач" клубын тамирчин, Их маст?р Г.Мөнхгал, 3-р байрыг "Шунхлай" групп, "Гэгээн арвай" клубын тамирчин, Их мастер Б.Гүндаваа нар эзэлсэн бол эмэгтэй ангилалд 1-р байрыг "Каисса" клубын тамирчин, ЭОУМ Т.Мөнхзул, 2-р байрыг коэффициентийн давуугаар "Гэгээн арвай" клубын тамирчин, ЭФМ Д.Мөнхзул, 3-р байрыг Сэлэнгэ аймаг, Дотоодын цэргийн 805-р анги, "ЭЛИТ БРЭЙН" клубын тамирчин, ЭИМ А.Энхтуул нар тус тус эзэллээ.
 


Түүнчлэн, насанд хүрэгчидтэй өрсөлдөж, амжилттай оролцсон 10 хүртэлх насны өсвөрийн шатарчин охидоос хамгийн өндөр оноо авсан "Хобби" сургууль, "Элит Брэйн" клубын тамирчин, А.Мичид, мөн 10 хүртэлх насны хөвгүүдээс М.Очирбат нар тус тус өсвөрийн шатарчдын тусгай шагналын эзэд болсон бол тэмцээний бяцхан оролцогчоор З.Төгсжаргал шалгарч, 60-аас дээш насны хүндэт ахмад оролцогчоор Төрийн Соёрхолт, математикч, СМ Р.Энхбат шалгарлаа.

Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд "Элит Брэйн" ОУША-г үүсгэн байгуулагч, Их мастер А.Энхтуул шатрын төлөөлөл болсон хүндтэй шатарчдын хамт буюу МУГД, ОУМ П.Жигжидсүрэн, МУГТ, Их мастер Ц.Батчулуун, МУГТ, Их мастер Б.Мөнгөнтуул, МУ-ын Төрийн Соёрхолт, математикч, спортын мастер Р.Энхбат болон өсвөрийн шатарчдын аварга, "Элит Брэйн" ОУША-ийн сурагч Д.Төгсбилгүүн нартай ёслол төгөлдөр оролцсон бөгөөд хаалтын ажиллагаанд зориулж, Монголын шатрын үе, үеийн төлөөллүүд шатрын нөхөрсөг тоглолт хийж, өргүүдийн тайлбарыг МУГД, ОУМ П.Жигжидсүрэн Монгол HD, Тэнгэр телевизүүдээр орон даяар шууд дамжуулан хүргэлээ.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд МУГТ, Хүндийг өргөлтийн Дэлхийн Аварга М.Анхцэцэг урилгаар оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top