Усны тийрэлтэт цана, үслэг чихэвч, модон иштэй жимсний зайрмаг, Брайлын үсэг...Энэ бүхэн хоорондоо ямар холбоотойг Та мэдэх үү? Тийм ээ, эдгээр бүх зүйлсийг хүүхдүүд зохион бүтээсэн юм.
Жил бүр 500 мянга гаруй хүүхэд, өсвөр насныхан төрөл бүрийн хэрэгсэл, тоглоом зохиож, робот, тоног төхөөрөмжийг бүтээж, өөрчилдөг. Хүүхдийн бүх шинэ бүтээлүүд бидний амьдралыг илүү тохь тухтай, сонирхолтой болгодог нь дамжиггүй. Тэгвэл залуу суутнуудын ур ухаанд баярлаж, тэдний олон шинэ бүтээлүүдийн ач холбогдлыг үнэлж, хүүхдийн олон талт авьяасыг урамшуулах өдөр тохиожээ.
Жил бүрийн нэгдүгээр сарын 17-ны өдрийг дэлхий нийтээр Хүүхдийн шинэ бүтээлийн өдөр буюу Урлан бүтээгч хүүхдүүдийн өдөр болгон тэмдэглэдэг учиртай. Энэ өдөр урлан бүтээгч хүүхдүүдийг зөвхөн алдаршуулаад зогсохгүй тэднийг хүрээлэн буй ертөнцөө сонирхож, амьдралын аливаа бэрхшээлийг даван туулахдаа бүтээлч сэтгэлгээгээ ашиглаж сургахад чиглэгддэг.
Ийм баярт өдрөөр РЦНК-д залуу уран бүтээлч, СТА зураач Нацагдоржийн Мөнхзаяагийн уран зураг, уран зураг-төгөлдөр хуур, хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан уран зураг- Арт терапи (сэтгэл заслын), насанд хүрэгчдийн уран зураг-төгөлдөр хуурын сургалтын ZAZAMA'S ART студио албан ёсны нээлтээ хийлээ.
Нээлтэд Монгол Улсын консерваторийн сонгодог хөгжмийн 7А бүлгийн авьяаслаг сурагчид хүрэлцэн ирж уран бүтээлээ толилуулсан юм. Мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр н/б дарга, Улаанбаатар дахь Русский Дом/ОШУСТ-ийн дэд захирал Валерия Валерьевна Кильпякова нээлтэд хүрэлцэн ирсэн зочдод хандаж мэндчилгээ хүргэв. Тэрбээр "Улаанбаатар дахь Русский Дом-ыг Оросын соёлын "Ордон" гэж зүй ёсоор нэрлэж болно. Учир нь энд ирсэн хэн хүн өөрийн хүсэл сонирхолд нийцсэн дугуйлан студидээ хамрагдаж авьяас билгээ хөгжүүлэхэд нь таатай бүхий л орчныг бүрдүүлсэн сонгодог балетын, монгол ардын хийгээд орчин үеийн бүжгийн, гоцлол дулаачийн, драмын болон театрын урлагийн гээд уран бүтээлийн дугуйлан, студиуд, сургуулиуд үүд хаалгаа та бүхэнд хэзээд нээлттэй байлгаж байна. Өнөөдөр сэтгэлийнхээ гүнд орших гэгээлэг мэдрэмжээ, ертөнцийг тод өнгөөр эрчлэх зөн билгээ уран зургийн тусламжтайгаар хөгжүүлэх, бүтээлч байдлаар урлагийн боловсрол олж авах хамгийн зөв хөрөнгө оруулалтыг шинээр нээгдэж байгаа арт-студио маань та бүхэнд санал болгосноор цаг үеэ олсон сайхан үйл явдал болж байна" хэмээн онцлов.
Уран зураг, төгөлдөр хуурын болон арт-сэтгэл заслын студиог нас харгалзахгүй бүх сонирхогчдод зориулан нээж буй.
Цаашид Zazama's Art Studio нь Монгол Улсын Соёлын элч, МУСГЗ Х.Дамдинсүрэнгийн санаачилгаар РЦНК-д байгуулсан Арт-галерейн төслийн хүрээнд Монгол, Оросын уран бүтээлчдийн бүтээлээр үзэсгэлэн дэглэх Арт-галерейн үйл ажиллагаа, уулзалт зэрэг сонирхолтой соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулж, олон нийтэд өргөнөөр сурталчлах аж.
Сэтгэгдэл ( 0 )