Хоёр хоногийн өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ ажилдаа шуурхайлан оржээ.
Тэрбээр өнөөдөр (2022.01.20) "Таван толгой түлш" ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологи, түлш үйлдвэрлэх явцад хяналт тавьж, сайжруулсан түлшний хэд хэдэн дамжлагаас чийглэгийн хэмжилт хийсэн талаараа мэдээлэв.
"Сайжруулсан шахмал түлшний чанар, технологийн талаар олон нийтийн дунд үүсээд байгаа асуудлаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, ЭХЯ-ны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн, “Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар нараас тодруулга авч, үйлдвэрлэлийн процесстой танилцлаа. Шийдвэрлэх ёстой асуудлыг хариуцлагаас айлгүй тухай бүрд нь шийдвэрлэж, аюулгүй ажиллагааг хангуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг онцгойлон анхаарууллаа.
Шахмал түлшний MNS5679 стандарт 2019 онд батлагдсан. Уг стандартаар түлшний чийглэгийн хэмжээ 10 хувиас багагүй байх ёстой. Зүүн бүсийн үйлдвэрээс гарч буй түлшний чийглэг 6-7 хувьтай байгаа нь стандартын шаардлага хангасан гэж үзэж байгаа ч стандартыг шинэчлэх, технологи, үйлдвэрлэлийн процессыг сайжруулах зайлшгүй шаардлага байна.
Түлшний стандартыг нэг шат ахиулахаар бол түүхий эд болон зуухны стандартыг мөн сайжруулах шаардлагатайг холбогдох албаныхан хэлж байна. Зүүн бүсийн үйлдвэрийн 8 шугамын 6 нь өнөөдрийн байдлаар хэвийн үйл ажиллаж байна. Тогтвортой ажиллагааны горимд өөрчлөлт оруулж үйлдвэрлэлээс гарч байгаа бүтээгдэхүүнийг 24-48 цаг хадгалаад борлуулалтын цэгүүдэд хүргүүлдэг байсан бол уг горимд өөрчлөлт оруулан 7 хоног хадгалсны эцэст түгээлтэд гаргахаар шинэ технологийн картыг баримтлан ажиллаж байна. Ингэснээр түлшний асаалтад өөрчлөлт гарах эсэхийг тогтоох юм" гэж шинэ сайд сошиал хуудаснаа бичжээ.
Энэ үеэрээ холбогдох байгууллагуудад дараах үүрэг, чиглэлийг мөн өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )