Коронавируст халдварын дэгдэлтийн улмаас 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс нэгдүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох болсныг мэдэгдэж байна.
Уг шийдвэрээс улбаалж 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр товлогдоод байсан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо.
Хуралдаанаар “Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх, Монгол Ардын намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтүүд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай тогтоолын төсөл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2-т заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн санал үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх асуудлыг тус тус хэлэлцэх байсан юм.
Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд заасны дагуу Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг тайлбарлах тухай “хууль тайлбарлах хэрэгцээ, шаардлага, тайлбарын цар хүрээ, арга зүйг тодорхойлсон” Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байжээ.
Сэтгэгдэл ( 0 )