Уран барималч Даши Намдаковын бүтээлийг Лос Анжелес хотоос Токио хүртэл хүсэн хүлээдэг. 2022 онд тэрбээр Итали улсад бүтээлээ толилуулахаар төлөвлөж байна. Уран бүтээлийнхээ эрч хүчийг төрсөн нутаг Буриадад өнгөрүүлсэн бага наснаасаа олж авдаг гэж тэр ярих дуртай. Тэрбээр амьдрал, уран бүтээлийн онгод, гэр бүл, шашин, урлагийн талаар RT агентлагт шинэхэн ярилцлага өгснийг хөрвүүлэн хүргэж байна.
-Ярилцлагаа гүн ухааны асуултаас эхэлье. Таны хувьд урлаг гэж юу вэ?
-Миний хувьд урлаг бол бүх юмыг хэлнэ. Миний бүх амьдрал урлагт л оршиж байна. Би эцэг, эхийнхээ бүтээсэн урлагийн орчинд төрсөн.
-Та урлагтай хэрхэн холбогдов?
-Жам ёсоор гэх үү дээ. Миний өссөн орчин өөрөө урлаг байсан. Буддын урлаг, уран зураг, график, цутгамал, гар урлал гээд. Бид эцэг, эхээс наймуулаа. Миний аав юу л бол юу хийж чаддаг тийм онцгой чадвартай хүн байсан. Би түүнийг Буриадын Леонардо да Винчи гэж боддог.
-Танд уран бүтээлийн эрэл хайгуулын үе гардаг уу?
-Энэ тал дээр надад тийм хүндрэл хэзээ ч гарч байгаагүй юм байна. Учир, шалтгааныг нь мэдэхгүй. Энэ тал дээр зовж, шаналах үе гардаггүй. Үргэлж л ямар нэгэн санаа чамайг хөтөлнө. Энэ нь заавал уран баримал байх албагүй. Зүгээр л энгийн зүйл, график. Цэцгээр тоглох гэх мэт. Үргэлж л өөрөө өөрийгөө зугаацуулах зүйл олдог. Хэрэв хийх юм бүр олдохгүй бол ном уншина. Энэ ч гэсэн үйл явц шүү дээ.
-Өөрөөр хэлбэл туурвих хүсэл төрөхгүй, онгод орохгүй үе байдаг гэсэн үг үү?
-Мэдээж хэрэг байна. Ийм үе ирсэн гэдгийг зүгээр мэдэрдэг. Хаа нэгтээ аяллаар явж болно. Би хувьдаа ийм тохиолдолд төрсөн тосгон, ой тайгад аялдаг. Уулын горхи, навчис шаржигнаад л эсвэл хөл дор цас чихраад л. Энэ бүгдээс хурдаг сэргэлт авдаг. Өөрийгөө сэргээх бүхий л арга хэрэгслээ мэддэг болсон шүү.
-Нэгэнт онгодын талаар ярсных, хэрхэн хөглөгддөг вэ?
-Онгод уу? Эргэн тойронд буй бүх зүйл, орчин, хүмүүс, төрөл садан гээд л. Онгод, сэдэл өгөх юу эс мундах вэ. Мэдээж хэрэг, архитектур маш хүчтэй нөлөөлдөг. Хорвоо ертөнцөөр аялж байхад тэнгэр баганадсан барилгууд чамаас бүтээл төрүүлнэ. Тал нутаг эсрэгээр. Хөндлөн нисэж буй тал гэхэд үргэлж маш хүчтэй мэдрэмж төрүүлнэ.
-Уран бүтээлийн санаа хэрхэн төрснөөс шалтгаалан бүтээл нь өөр байх уу?
-Бүтээл ч наснаас хамаарч өөрчлөгддөг. Би чинь насанд хүрсэн хүн. Маш олон жил уран бүтээл хийж байгаа шүү дээ.
-Урьд өмнө нь урлагт таны хувьд “том” нэрүүд байсан гэж хэлье л дээ. Тодорхой хугацаа өнгөрсний дараа эдгээр нэрс өөрчлөгддөг. Яагаад? Чи өөрөө өөрчлөгдөж байгаа учраас уу?
-Өмнө нь би зарим зураачдыг ойлгодоггүй байсан. Энэ юу вэ гэж санагддаг байсан. Харин одоо энэ бол дээд зэргийн нислэг байжээ гэж хардаг. Сонирхолтой шүү. Жишээ хэлье. Ротко, уран зураг. Зүгээр л нэг дөрвөлжин дүрс. Юу ч юм гэж боддог байсан. Харин одоо би түүнийг амьдаар нь олж харах гэж янз бүрийн газраас хайдаг. Энэ ямар гүн гүнзгий урлаг байсныг чи ойлгож эхэлдэг. Энэ нь туршлагатай хамт ирдэг. Чиний уран бүтээл ч гэсэн адил. Ач холбогдолтой гэсэн бүхэн өөрчлөгддөг. Өдгөө ер нь минимализм гэгч рүү явж байгаа мэт санагддаг. Уран зураг хүртэл. Ямар нэгэн сүүдэр, мэддэг зүйлийнхээ дүрсийг харахад тэр уран зураг гэнэт сонирхолтой биш болдог. Зүгээр л насных. Маш сонин.
-Өмнөх бүтээлүүдээ харах өнцөг өөрчлөгдсөн болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Үнэндээ бол жаахан аймаар. Нэгэн цагт чи “Хөөх, би юу бүтээв ээ” гэж боддог байлаа. Цаг хугацаа өнгөрч, нөгөө бүтээлээ шүүмжилж эхэлнэ. Гэхдээ энэ нь зөв байх л даа. Ингэснээр чи урагш явна.
-Ихэнх судлаачид таны бүтээлээс орчин үеийн хандлага, үндэсний өв уламжлалыг нэгэн зэрэг олж хардаг. Үүнтэй санал нийлэх үү?
-Энэ нь хөндлөнгийн үзэл бодол шүү дээ. Миний анхны бүтээлүүд гэхэд маш энгийн, зөн совингоор бүтсэн байдаг. Тиймээс ч хийхэд хялбар байсан. Заримдаа надаас “Та өөрийгөө илэрхийлэх хэлээ хэрхэн олсон бэ” гэж асуудаг байсан. Хариуд нь “Би хайгаагүй, надаас өөрөө ундран гардаг” гэж хэлдэг байлаа. Харин хожим нь нас явахын хэрээр нэг газар зогсох эрхгүй тийм том ажил эхэлсэн байдаг. Учир нь зураач хүн өөрчлөгдөх ёстой. Нэгэн хэвийн байгаад байвал таних тэмдэгтэй болох л байх. Гэхдээ чи өөрөө өөрөөсөө төөрдөг. Уран бүтээлч бол эрэл хайгуулч хүн. Тэр өөрийгөө ч, дэлхий дахиныг ч гайхшруулж байх ёстой.
-Танд өөрийгөө алдаж байгаа мэт мэдрэмж төрж байсан уу?
-Үгүй, ээжийн сүүтэй хамт ирсэн болохоор би маш чанга зуурдаг. Зураач хүний хувьд надаа байгаа хамгийн үнэтэй зүйл. Мэдээж хэрэг, өөрийгөө алдахыг хэзээ ч хүсэхгүй шүү.
-Өнгөрсөн зун таны төрсөн тосгоны дэргэд Тужи Ленд арт хүрээлэн нээгдсэн. Энэ төслийн зорилгын талаар?
-Маш энгийн зорилготой. Буриадууд бидний хувьд үндэс угсаа маш чухал. Би үр хүүхэд, ач зээтэй. Чиний үр удам сайн сайхан яваасай гэж хүсэж байгаа бол тэдний үндэс угсаа бат бэх байх ёстой. Энэ тал дээр бүх зүйл хэвийн гэж боддог байлаа. Харин ноднин жил тосгондоо ирэхэд бүх зүйл тийм дардан биш гэдгийг ойлгосон.
Зон олон мань ийм тийш таран нүүж байна. Байшингийн тоо хэвээр ч эзэнгүй нь олон болж. Ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэдгийг ойлгосон.
Ленд арт хүрээлэнг тосгоноо аварч үлдэхийн тулд санаачилсан. Гайхалтай үзэгдэл болсон. Эхлээд би амбан захирагчтай, дараа нь нутгийнхантайгаа ярилцсан. Ажлаа эхлэхэд манай төсөлд маш олон хүн оролцсон. Найз нөхөд, хөршүүд автобус автобусаар ирж байсан. Ийм маягаар тэд өөрсдөдөө тусалсан гэж болно. Хэн нэгэн ах ирж, хийж өгнө гэж хүлээгээгүй. Бид өөрсдийнхөө гараар орчноо байгуулж, одоо тэндээ ажиллаж байна. Тэнд амьдрал буцалж байна. Хүмүүс тосгондоо буцан ирж байна. Ажлын байр бий болгож, олон том ажил эхэлсэнд баяртай байгаа. Энэ ч гэсэн шүтэн барилдлагын нэг хэсэг. Би цааш явж, эрх чөлөөтэй байх боломжтой болсон. Энэ чинь аав, ээж, эх орон, тосгон чинь шүү дээ.
-Шилжилт хөдөлгөөн соёл, үндэс угсаанд нөлөөлөх үү?
-Бага үндэстэн хүссэн ч, эс хүссэн ч өөрийнхөө соёл, өвөрмөц онцлогоо алдаж байдаг. Нөгөө талаас энэ бол дэлхийн чиг хандлага. Даяаршил өөрийн ул мөрөө үлдээнэ гэж санагддаг. Катманду хотоор жишээ авах дуртай. Мөнгөгүйн ачаар тэр хот хэвээр үлдсэн. Мөнгө бий болмогц япончууд дахин давтагдашгүй бүхэл бүтэн дүүргүүдийг үгүй хийж, супермаркет ч юм уу, машины зогсоол барьж магадгүй. Энэ бол аймшигтай зүйл.
-Та гэр бүл, бага насныхаа талаар ярихгүй юу?
-Миний бага нас үнэхээр давтагдашгүй, гайхалтай өнгөрсөн. Одоо цагт байхгүй юм шиг санагддаг. Нэг тийм дундад зууны соёлд ороод ирсэн мэт. Бид том хотоос хол амьдардаг байсан учир тэр бүр зүйл байдаггүй байсан. Миний хүүхдүүд, тэр тусмаа ач зээ нарын ойлгодоггүй тийм сайхан зүйлс бидэнд байлаа. Маш харамсалтай.
Бид аав, ээжээсээ наймуулаа. Дөрвөн хүү, дөрвөн охин. Бид Буддын шашинтай гэр бүлд өссөн. Манайх гайхалтай гоё тахилтай байсан. Тахилын өрөөнд гэрэл зургийн хальс угаана. Тийм нэг нууцлаг өрөө. Гэрэл зургийн хальс угаахдаа улаан чийдэн асаана. Хаалгаар шагайхад нэг тийм шидэт ертөнц. Аав мань янз бүрийн санаа сэдэж, бид тэр үйл явцад нь татагдан орно. Тэндээс бүхэл бүтэн ертөнцүүд гарсан гэж боддог. Энэ ертөнц маш баялаг. Эдгээр ертөнц биднийг тойрон эргэнэ. Домог, үлгэр, туужид. Хөгшид. Түүдэг галын дэргэдэх дуусдаггүй яриа. Энэ бүхнийг би зурагт үзэж байгаа мэт хардаг байлаа. Миний ой санаанд маш тод үлдсэн болохоор одоо хүртэл тэндээсээ уран бүтээлийн дүрүүдээ гаргаж ирдэг.
-Уран бүтээлийн эрх чөлөө. Өөрөө өөрийнхөө төлөө ажиллаж байгаа нь азтай хэрэг?
-Миний өссөн орчин. Аавын маань уран бүтээлийн төлөө хэн ч, хэзээ ч мөнгө төлж байгаагүй. Хийсэн зүйлээ хөршүүддээ, төрөл садангууддаа бэлэглэнэ. Түүнээсээ тэр таашаал авдаг байсан. Би ч бас адилхан. Эрхүүд гаргасан үзэсгэлэнгээс хойш миний бүтээлийг цуглуулагчид худалдан авч хэлсэн. Түүнээс хойш би чөлөөт уран бүтээлч болсон гэх үү дээ. Уран бүтээлийг нь цуглуулагч, музей, галерей худалдан авна гэдэг чинь маш том аз. Чи үүгээр амьдарна. Өөрөөр хэлбэл, чөлөөтэй бүтээх боломжтой болно гэсэн үг.
Миний амьдрал ингэж эргэнэ гэж хэзээ ч бодож байгаагүй. Миний урлаг миний амьдардаг орчноос хальж, хэн нэгний сонирхлыг татна гэж бодож байгаагүй. Гэвч дэлхий ертөнц тэр чигээрээ нээлттэй болж таарсан. Гайхалтай шүү.
-Уран бүтээл туурвихыг хүсдэг ч эмээж байгаа хүмүүст хаанаас эрч хүч, урам зориг авах талаар зөвлөгөө өгнө үү?
-Мэдээж хэрэг нууц жор гэж байдаггүй. Би хүүхдүүддээ хүртэл дамжуулж чадахгүй. Учир нь миний бага байхад байсан, намайг хүн болгосон тэр орчин одоо байхгүй. Асуудал үндэс, угсаанд бий гэж үздэг. Чиний өссөн тэр газарт. Тэндээс л хайх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )