С.Бямбацогт: Дур мэдэн бусдыг нэгжих, хорих, мөрдөхийг хориглож өгсөн

2022 оны 01 сарын 26

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн намрын чуулганы хугацааны үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хууль зүйн байнгын хороо дангаараа 13 удаа хуралдсан. Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтарч гурван удаа нийт 16 удаа хуралдаж, 40 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Байнгын хорооны хурлаар 91 хуулийн төсөл, УИХ-ын долоон тогтоол, Байнгын хорооны 10 тогтоолын төслийг хэлэлцсэн. Мөн ХЗБХ-ны тогтоолоор УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлж, бэлтгэн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий нэг ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг 39 удаа хуралдаж, 12 танилцуулгыг байнгын хороонд танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн нэг дүгнэлт, албан тушаалтныг томилох чөлөөлөх 11 асуудлыг хэлэлцэж, шийдвэр, санал дүгнэлтийг гаргасан. Нийт 18 санал дүгнэлт, зургаан танилцуулга, зарчмын зөрүүтэй 118 саналыг бэлтгэн, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 80 хуулийн төсөл болон УИХ-ын зургаан тогтоолыг чуулганаар батлуулсан” гэсэн юм.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт “Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтарч, гурван хууль баталсан. Тодруулбал, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль. Үндсэн хуулийн 25 дугаар зүйл заасны дагуу хууль батлах нь УИХ-ын бүрэн эрх. Бид хууль батлах, хэрэгжилтэд хяналт тавих ажилд түлхүү анхаарч ажилладаг” гэв.

Нийтийн мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах тухай хууль 2011 онд батлагдсан ч бодит амьдрал дээр хэрэгжихгүй, төрийн байгууллагууд мэдээллийг харилцан адилгүй мэдээлдэг тул албаны нууцлал гэж тамгалаад, нууцалдаг учраас нээлттэй болгохын тулд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Нээлттэй мэдээллийг хэн ч хаахгүй болох эрх зүйн орчныг бүрдүүлж өгчээ.

Харин гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл, төрийн хяналт шалгалтын явцад болон шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаанд цуглуулсан мэдээлэл, үндэсний аюулгүй байдалтай холбоотой зарим нэг асуудал, үндэсний соёл үнэт өвтэй холбоотой мэдээллийг хаалттай байхаар тусгасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд Иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Тиймээс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар дур мэдэн хэнийг ч нэгжих, хорих, мөрдөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож өгсөн байна.

Хэн боловч эрүү шүүлт тулгаж, хэрцгий хандаж, нэр төрийг нь гутааж болохгүй, баривчилсан шалтгаан үндэслэлийг гэр бүл, өмгөөлөгчид нь хууль заасан хугацаанд нь мэдэгдэнэ. Иргэний хувийн ба захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан.

Энэ заалтыг хэрэгжүүлэх зорилготой гэж уг хуулийг ойлгож болох юм. Нууц мэдээллийг задруулж, асуудал үүсдэг байсан бол үүнийг задруулсан төрийн албан тушаалтан эрүүгийн хуулийн хариуцлага хүлээдэг болж байгаа. Иргэний хувийн нууцыг хуулиар хамгаална. Тодруулбал, хүний үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетикийн мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, хүчирхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл, эцэг эхийн нэр, өөрийн нэр төр, төрсөн он сар өдөр, төрсөн газар, оршин суугаа хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, тодорхойлолт, хүнийг шууд болон шууд бус тодорхойлохыг хувийн мэдээлэл гэж тусгасан. Эхэнд дурдсан нь хувийн мэдээлэл байдлаар ялгаж өгсөн байгаа юм. Энэ мэтчилэн хуулийн төсөлтэй холбоотойгоор мэдээлэл өглөө.

 

Ж.Сүхбаатар: Шүүхийн тухай хууль бодитоор хэрэгжиж эхэлсэн

 

Байнгын хорооны гишүүн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Байнгын хорооны гишүүд идэвх, санаачилгатай ажилласан. ХЗБХ-ны явуулж байгаа гол үйл ажиллагаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх явдал. Ялангуяа Шүүхийн тухай хууль бодитоор хэрэгжиж эхэлсэн. Шүүх эрхийн зөвлөл, шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилох процесс шинэ жишиг тогтоолоо. Олон нийтийн мэдэх эрхийг хангаж, бидний алдаа дутагдал нээлттэй байх талаас бодит ажлыг хийсэн.

Тэр дунд зарим нэг хүн хууль зөрчиж орсон юм биш үү гэж. Хуучин Шүүхийн зөвлөл гэж байхад таван гишүүний намтар байтугай нэрийг нь ч мэдэхгүй томилчихдог байлаа. Сахилгын хороо гэж байхгүй байсан бол одоо 10 хүнтэй хороо байна. Бид төсвийн асуудалд дэвшил гаргасан. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Хүний эрхийн үндэсний комисс тавих төсвийн асуудалд хатуу байр суурьтай байсан. Байнгын хорооны гишүүдийн идэвхтэй шаардлагаар энэ чиглэлд төсөв мөнгө нэмэгдсэн” гэлээ.

 

Б.Энхбаяр:  Хэвлэл мэдээллийн байгууллагад мэргэжлийн алдаа гаргасны төлөө ял шийтгэл оноож болохгүй

 

Байнгын хорооны гишүүн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Нийтийн болон хувийн мэдээллийн тухай хуулийг хэлэлцэх үед маш олон гишүүн төрийн болон албаны нууцын тухай хуулийг шинэчлэхгүйгээр энэ хууль бүтэн болохгүй гэдгийг хөндсөн.  Энэ чиглэлээр Засгийн газар санаачлан хуулийг төслийг оруулж ирэх үүрэг хүлээсэн. Хаврын чуулганаар оруулж ирэх байх.

Учир нь Төрийн болон албаны нууцын тухай хуулиар Засгийн газар, харьяа яам агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд тухайн мэдээллийг албан нууцад өөрсдөө хамруулах эсэхийг бие даан шийддэг байсантай холбоотойгоор бүхий л мэдээллээ хаах явдал хавтгайрсан. Хоёрдугаарт, тухайн байгууллагын даргын үзэмжээр тамга дарсны төлөө түүнийг ил болгосон этгээд эрүүгийн хуульд зааснаар 2-8 жилийн хорих ял хүлээхээр байгаа. Энэ бол буруу. Нэг байгууллагын дарга юуг нууцлахаа шийдсэний төлөө нэг иргэн ял авч болохгүй. Тиймээс энийг засварлах шаардлагатай.

Үүнтэй холбоотойгоор 2021 оны гуравдугаар сарын 21-нд УИХ-ын гишүүн нэр бүхий гишүүд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийг төслийг хэлэлцэх эсэх асуудал нэг жилийн ой дээрээ хаврын чуулганаар хэлэлцэх эсэх талаар яригдана. Хуулийн төслийг өргөн барьсны дараа Ерөнхийлөгчийн сонгууль болж, хуулийн үзэл санаа мушгигдаж, тоглолт хийх, дэмжигдэхгүй байх нөхцөл байдал үүссэн. Гол өөрчлөлт бол худал мэдээлэл түгээх гэдэг зүйл ангийг буцаагаад гүтгэх болгох хуулийн төслийг оруулж ирсэн.

Учир нь, худал мэдээлэл нь дотроо хоёроос гурван үзэл санааг агуулж байдаг. Нэгт, бодит байдлаас бүх зүйл худал. Тэр мэдээллийг санаатай, санаагүй, эсвэл зохион байгуулалттай түгээж байгаа үйлдэл, хэлбэрүүдийг ялгаж авч үздэггүй. Гэтэл хүн санамсаргүйгээр тухайн хүний нэр төрд халдаж, сэдэл агуулахгүйгээр алдаа гаргаж болдог. Энэ бол алдаа. Хэвлэл мэдээлэл дээр үүнийг мэргэжлийн алдаа гэнэ, гаргаж болно. Тоо алдаж болно, үсэг алдаж болно. Үүнийх нь төлөө ял, шийтгэл оноогоод байж болохгүй. Харин гүтгэх гэдэг бол санаатайгаар хийдэг үйлдэл юм.

Тиймээс худал мэдээллээс ялгаж, гүтгэх болгож байгаа иргэд, хэвлэл мэдээллийн мэргэжлийн алдаанд хариуцлага үүрүүлж болохгүй ээ л гэж байгаа юм. Хоёрдугаарт, улс төрд нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор иргэдийн хардсан сэрдсэн үйлдэлд энэ зүйл ангиар хэрэг үүсгэхгүй гэдэг тайлбар оруулах. Зарим улстөрчид бид хүн биш юм уу гэж үзэж байгаа. Яагаад биднийг гүтгэж болно гээд байгаа юм бэ гэсэн. Албаны нэр хүндэд халдаж байгааг нь хувийн нэр хүндэд халдаж байгаагаас зааглаж байгаа юм” гэв.

Т.ДАРХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top