СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ослын улмаас хоёр хүн нас барж, 23 хүн гэмтжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1239 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 997 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 19 осол бүртгэгдэж, 21 хүн гэмтэж бэртсэн байна. Орон нутагт хүн гэмтэж бэртсэн нийт 4 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 2 хүний амь нас хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 15 осол бүртгэгдэж,  15 хүн гэмтсэн.
  •  Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж 4 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж,  2 хүн гэмтсэн.
  • Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж,  1 хүний амь хохирсон.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүний амь хохирсон.

Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ГЭРЛЭЭР АНХААРУУЛЪЯ” арга хэмжээ зохион байгуулж байна.

Энэ 7 хоногт явган зорчигч хэлбэрээр автомашинд мөргүүлж гэмтсэн хүний тоо өмнөх 7 хоногтой харьцуулахад 41хувиар өссөн байна. Явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцох үедээ мөргүүлсэн иргэдийн дунд архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд цөөнгүй байна. Иймд иргэд маань архи согтууруулах ундааны зүйлийг зүй зохистой хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэсэн найз нөхөд, хамт олныгоо хараа хяналттай ар гэрт нь хүлээлгэн өгөхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.   

МУ-ын Замын хөдөлгөөний дүрэмд "Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасан байдаг.

Мөн дүрмийн 5.2-д “Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд ЯВГАН ЗОРЧИГЧ НЬ ЖОЛООЧИД ХАРАГДАХ НӨХЦӨЛӨӨ САЙЖРУУЛАХ ҮҮДНЭЭС аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино” гэсэн зөвлөмжийн шинжтэй заалт байдаг.

Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс гэрлээр анхааруулж зам хөндлөн гарахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 272 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 194, орон нутагт 78 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top