“Сар шинэ-2022” арга хэмжээний хүрээнд зургаан гэмт хэрэг илрүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

Сар шинийн баярыг угтан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр жил бүр “Сар шинэ” арга хэмжээг зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна. 

Дээрх арга хэмжээний хүрээнд Экологийн цагдаагийн албанаас хэрэг илрүүлэх, эрэн сурвалжилж байгаа этгээд, эд зүйлийг олж тогтоох чиглэлээр зохион байгуулалтын нэгжүүдээс хэрэг бүртгэлтийн 6 гэмт хэргийг илрүүлж нийт 19 этгээд, 1 тээврийн хэрэгсэл, 1 эд зүйлийг олж тогтоожээ.

Мөн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хяналт шалгалтаар ажиллаж, тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Толгойт”, “Жаргалант” гэх газруудад хууль бусаар мод бэлтгэсэн,  Баянгол сумын “Бор толгой” гэх газарт иргэн “Б” нь хууль бусаар тээрэм ажиллуулж ашигт малтмалын боловсруулалт явуулж байсан үйлдлийг тус тус илрүүлэн 275 куб.метр модыг битүүмжлэн, 15 грамм алт, 200 грамм азотын хүчлийг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид тээврийн хэрэгсэл ашиглан хөдөө орон нутгуудаар явж орон байрны хулгайлах гэмт хэрэг үйлддэг урьд өмнө хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан У, Д нарыг дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тус этгээдүүд нь Хэнтий, Сүхбаатар, Орхон, Булган, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь аймгуудын төвд 13 удаагийн үйлдлээр орон байрны хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг нь тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хулгайлах гэмт хэргийн гаралт ихсэх хандлагатай байна. Иймд иргэдийг гэр, орон сууцаа бусдын хараа хяналтгүй орхих үедээ бүх хаалга, цонхыг хааж, түгжиж, хөршийн хяналтад мэдэгдэж байх.

Гудамж талбай, олон нийтийн газарт явахдаа гар утас, түрийвч, бичиг баримтаа ил халаасандаа хийхгүй байх.

Тээврийн хэрэгсэл, автобус унаагаар үйлчлүүлэх үедээ үнэт зүйлс, эд хөрөнгөө өөрийн биед байгаа эсэхийг шалгаж, ойр орчимд сэжиг төрүүлж буй иргэдээс хол байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top