Холимог тулаанч Б.Энх-Оргил: Рингэн дээр гарах нь ялахаас илүү сайхан мэдрэмж төрүүлдэг

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

 

“MGL-1 Fighting Championship” тэмцээний хошой аварга, холимог тулааны тамирчин Б.Энх-Оргилтой ярилцлаа.


ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

-Аваргын бүсээ хамгаалж, “MGL-1 Fighting Championship” тэмцээнд дахин түрүүлсэнд нь баяр хүргэе. Үзэгчдэд маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Баатархүүгийн Энх-Оргил гэдэг. Би Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай. Одоо “Оюутолгой” ХХК-ны Ложистокийн хэлтэст ажиллаж байгаа. Харин спортоор хичээллээд 23 жил болсон байна.

-Яагаад холимог тулааны спортоор хичээллэх болов. Спортын ертөнцөд “хөл тавихдаа” л холимог тулаанаар эхэлж байв уу?

-Тавдугаар ангидаа Ховд аймгийнхаа таеквондогийн “Эрин” клубт орж, бэлтгэл хийж эхэлсэн. Таеквондогоор хичээллэдэг байсан юм. Дараа нь тулааны спортыг сонирхож орж байлаа.

-Багадаа хэр их зодолдог хүүхэд байв. Сахилгагүй байсан уу?

-Хүүхэд байхдаа тийм ч их зодоон хийдэг байгаагүй ээ. Харин найзууд маань атаман байсан. Харин би хүнийг дээрэлхдэг занд дургүй. Дээрэлхүүлж байгаа хүүхдүүдийг өмөөрдөг хүүхэд байсан юм.

-Танд тулааны спортын юу нь гоё санагддаг вэ?

-Цус, нөжтэйгөө хутгалдаад, зодолдоод байхаар спорт ойлгохгүй хүмүүст эвгүй харагддаг байх л даа. Гэхдээ тулааны спортыг ойлгодог хүмүүст бол энэ хамгийн төгс спорт юм шүү.

-Тулалдахын өмнө сэтгэл зүйгээ бэлдэх нь маш чухал байдаг гэж сонсож байсан юм. Таны хувьд рингэн дээр гарахын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Тиймээ. Сэтгэл зүй маш чухал. Рингэн дээр гарахын өмнө өөртөө нэг л зүйлийг хэлдэг. “Чиний дуртай зүйл бол тулалдах. Энэ дуртай зүйл чинь чиний өмнө ирсэн байна. Одоо яах юм” гээд л өөрийгөө зоригжуулаад рингэн дээр гардаг.

-Тамирчин хүний хамгийн гоё мэдрэмж юу байдаг вэ?

- Тамирчин хүний хувьд хамгийн гоё мэдрэмж ялалт байдаггүй.

Маш их бэлтгэл хийж, цаг хугацаа, хүч хөдөлмөр их зарцуулсан учраас түүнийхээ үр шимийг хүртэж, тулалдаж байна гэдэг л хамгийн сайхан мэдрэмж байдаг.

-Та ялагдлыг юу гэж боддог вэ?

-Ялагдал гэдэг зүйл хүнд маш том сургамж болдог гэж боддог. Тэмцээнд ороод ялагдсаны дараа “Би дутуу болоод л ялагдлаа. Надад юу дутуу байна. Түүнийгээ сайжруулах хэрэгтэй юм байна” гэдэг бодол төрдөг юм билээ.

-“Оюутолгой” компанид ажилладаг гэсэн. Тэмцээнд орохын тулд бэлтгэл, сургуулилт маш чухал. Тэгэхээр ажлынхаа хажуугаар хэрхэн цаг гаргаж бэлтгэлээ хийж байна?

-Өдрийн 12 цагийн хугацааг ажилдаа зарцуулдаг. Гэхдээ хүн дуртай зүйлдээ цаг гаргадаг гэдэг шүү дээ. Тулааны спортод үнэхээр дуртай болохоор яаж ийгээд л цаг гаргаж, бэлтгэл хийдэг.  Өдөржин ажилласан стресс, бухимдлыг бэлтгэл хийж л арилгадаг юм.

-Монголын тулааны спортын хөгжил ямар түвшинд байна гэж та хардаг вэ?

-Тулааны спортын холбоо олон байгаа нь онцгүй санагддаг. Манай улс холимог тулааны цөөхөн тамирчинтай. Гэтэл 2,3 холбоо байдаг. Энэ холбоод нь нэгдэж, чанартай тэмцээн зохиогоосой гэж хүсдэг.  Чанартай тэмцээн болохын хэрээр түрүүлж байгаа тамирчид нь ч чансаа өндөр гарч ирнэ шүү дээ.

-Үзэгчдэдээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Холимог тулааны тэмцээнийг үзэхгүй хэрнэ Монголын тамирчдаа доогуур үнэлж байгаа хандлага ажиглагддаг. Юуны өмнө холимог тулааны тэмцээнийг сонирхож үздэг болох хэрэгтэй. Та бүхний тэмцээн үзэж байгаа үзэлтээс хамаараад тамирчид санхүүжилтээ олж, бэлтгэл сургуулилтаа хийдэг. Тийм учраас үзэгчдэдээ хандаж хэлэхэд тамирчдаа дэмжиж тэмцээнээ үзэж байгаарай.   

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top