Дөрөв хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 4-нд эхлэх "Бээжин-2022" өвлийн олимпын наадмыг спортын сэтгүүлч Г.Баярсайхан, О.Наранбаатар, гэрэл зурагчин С.Энхжаргал, Д.Нямбилэг нар сурвалжлах юм.
Эдгээр сэтгүүлчдэд Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос олимпын наадам сурвалжлах эрхийн мандат, хувцас гардууллаа.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Цагаанбаатар "Монголын үндэсний олимпийн хороо болон Монголын спортын сэтгүүлчдийн холбоо хамтраад дөрвөн сэтгүүлчийг Бээжингийн олимп сурвалжлуулахаар томилон явуулж байгаа. Энэ дөрвөн сэтгүүлч маань салбартаа олон жил ажилласан сэтгүүлчид байгаа юм. Манай улсаас өвлийн олимпыг анх удаа дөрвөн сэтгүүлч сурвалжлахаар явж байна. Мөн олимп сурвалжлах сэтгүүлчдээ анх удаагаа хувцсаар ижилсүүлж, бэлтгэн ханган явуулж байна. Манай сэтгүүлчдийг дэмжсэн "Хүрэм" ХХК болон "Эвсэг" кашмерийн хамт олонд баярлалаа" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Өвлийн олимпын наадмыг сурвалжлах багт багтсан гэрэл зурагчин С.Энхжаргалын хувьд энэ үйл явдал онцгой тохиол болж байгаа аж. Учир нь түүний аав одоогоос 50 жилийн өмнө буюу 1972 онд болсон Саппорогийн өвлийн олимпод гэрэл зургийн сурвалжлагч, спортын кино оператораар ажиллаж байжээ. Тэрбээр аавынхаа гаргасан мөрөөр 50 жилийн дараа алхаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )