Эл хуль Бээжин

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 02 сарын 03

Өвлийн олимпын ихэнх тэмцээн уралдаан Бээжин хотноо болно. Гэвч түм түжигнэж, бум бужигнаж байдаг Бээжин хот энэ өдрүүдэд нам гүмхэн дүнсийж, гудамж талбай нь эл хуль оргисон байдалтай байна. Хятадын цагаан сар энэ өдрүүдэд таарч, ихэнх хүн орон нутгийг зорьсон нь үүнтэй холбоотой байх. Нөгөө талаар тус улс олимпын наадмын үеэр хорио цээрийн хатуу дэглэм мөрдүүлж буй нь илтэд харагдана.

Зохион байгуулагчид хаалттай менежментийн системийг ягштал мөрдүүлж байна. Олимпын наадмын оролцогчид зөвхөн байр, тэмцээний талбай хооронд л явах боломжтой. Токиогийн олимпын үеэр иймэрхүү хязгаарлалт үйлчилж байсан ч сэтгүүлчид, оролцогчид ойролцоох дэлгүүр, эмийн сан, хоолны газраар үйлчлүүлэх боломжтой байв. Харин Бээжинд энэ бүгдийг хорьжээ. Сэтгүүлчид дэлгүүр орох шаардлага гарвал зөвхөн зочид буудал болон хэвлэлийн төвийн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой. Гэвч дэлгүүр нь ядмагхан бараатай, сонголт муутайн дээр хэтэрхий үнэтэй байгаа талаар сэтгүүлчид гомдоллоод эхэлжээ.

Харин хэвлэлийн төв болоод тэмцээний ордон, талбайд сэтгүүлчдийг ажиллах нөхцөлөөр маш сайн хангасан нь талархууштай.

Энэ удаагийн олимп нүүрстөрөгч ялгаруулдаггүй наадам гэдгээрээ онцлог. Наадмын Зохион байгуулах хорооны зүгээс Засгийн газар, албан ёсны түншүүдтэй хамтран нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд олимпын тэмцээн уралдаан явагдах бүх байгууламж нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах стандартыг хангажээ. Мөн олимпын наадмын бүх талбай, байгууламжийг байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангасан байна.
 

Эх сурвалж: МҮОХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top