Парисын Их дуулгын тэмцээний эхний өдөр /2022.02.05/ Монголын жудочид алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, иж бүрэн медалиар тэмцээнээ амжилттай эхлүүллээ.
Энэ өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг жингийн барилдаанууд болсон юм.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү аваргын төлөөх барилдааны нэмэлт цагт БНСУ-ын жүдоч Ан Баулыг цэвэр ялан алтан медаль хүртэж Парисын тэнгэрт Монгол Улсын Төрийн дуулалаа эгшиглүүлэв.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д залуу тамирчин ОУХМ Бавуудоржийн Баасанхүү мөнгөн медаль хүртэж, IJF-ийн дэлхийн цувралаас анхны медалиа зүүлээ.
Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д жүдоч Цэнд-Очирын Цогтбаатар Узбекистаны бөхийг ялж хүрэл медаль хүртсэн. Тэрбээр Узбекистаны Шахрам Ахадовыг торгуулиар ялснаар Парисаас 4 дэх медалиа гардлаа. Ц.Цогтбаатар өмнө нь тус тэмцээнээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байсан юм.
73 кг-жингийн медаль хүртсэн тамирчдад домогт теннисчин Ион Тириак, Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү нар медаль, дурсгалын зүйл гардуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )