Орон нутагт согтуугаар машин жолоодсон зөрчил ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 07

Сар шинийн баярын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 835 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 299 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 31 хүн гэмтэж бэртсэний 15 нийслэлд, 16 орон нутагт бүртгэгдсэн байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 414 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 228, орон нутагт 168 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

2022 оны сар шинийн баяр, амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн осол хэргийн үзүүлэлтийг 2019 оны сар шинийн баяр, амралтын өдрүүдтэй харьцуулахад, Гэмтсэн хүн улсын хэмжээнд 27.9%, нийслэлд 50.0%, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил улсын хэмжээнд 3.7%, нийслэл 21.1% тус тус буурч, гэмтсэн хүн орон нутагт 23.1%, нийслэлд хоёр дахин, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн илрүүлэлт орон нутагт 31.9% тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Цагдаагийн байгууллагаас олон улсын болон улсын чанартай 10200 км хатуу хучилттай авто зам болон 360 сум, суурин газрыг холбосон замуудад цагийн менежментээр цагдаагийн төрөл, мэргэжлийн албадын алба хаагчид 50 км тутамд, удирдах бүрэлдэхүүн 100 км тутамд хяналт тавин 24 цагаар орон нутагт 231 хяналтын цэгт 550, нийслэл хотод 247 цэгт 800-1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажилласны үр дүнд олон улсын болон улсын чанартай авто замд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй бөгөөд баярын өдрүүдэд гарсан 2 хүний амь хохирсон осол нь суурин газар /хашаан дотор/-т болон цагдаагийн алба хаагчийн хяналт тавих боломжгүй газарт бүртгэгдсэн байна.

Эдгээр өдрүүдэд нийслэл хотоос 30000 мянган тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд хөдөлгөөнд оролцсон байна. Оюутан, сурагчдын улирлын амралт дуусаж, хичээл эхлэхтэй холбоотойгоор нийслэл хот руу чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ачаалал ихсэх хандлагатай байгаа тул иргэд жолооч та бүхэн аюулгүй байдлаа хангаж, зам орчны байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд анхааруулж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top